Ө.Шижир: Эрүүл мэндийн салбарт “өвдөх л юм бол үх” гэдэг зарчим үйлчилж байна
УИХ-ын чуулган /2025.10.9/ хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл тус тус хэлэлцлээ.
УИХ-ын чуулган Ө.Шижир: Төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцүүлээд төсвөө оруулж ирэх ёстой. Гэтэл бид төсөвтөө тохируулаад төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөхөөр орж ирж байна. Төсвийн тогтвор тогтвортой байдлын зөвлөлийн хууль нь 22 удаа өөрчлөгдчихсөн хамгийн тогтворгүй хууль болчихсон. Засгийн газар нь алдагдалгүй төсөв батална аа гэдэг бодлогын зарчмаасаа ухарчихсан.
Үндсэн хуульдаа “Монгол Улсад засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна” гээд заасан байдаг ч яг үнэн бодит байдал дээрээ засгийн эрх бол Засгийн газрын хэдэн сайд нарт л байна. Бүх ард түмэнд ямар ч эрх мэдэл алга.
Эрүүл мэндийн салбар нь эрүүл бус болчихсон “өвдөх л юм бол үх” гэдэг зарчим энэ салбарт үйлчилдэг болсон. Өмнөх хойд 2 сайд нь хоорондоо хөлөө жийлцээд суудаг болчихсон. Гэтэл хөдөө сумд багийн эмчийн сар тутам өгдөг 30 литр бензинийхээ хангамжийг өгч чадахгүй байдалтай байна. Хэвтэн эмчлүүлэх заавартай өвчтөнүүдийг чинь сумын эмнэлгүүд өдрийн эмчилгээ хийлгээд явуулж байна. Гол нь ЭМД-ын санд мөнгө байхгүй ээ гэдэг.
Гэтэл бид нар чинь мөнгөгүй биш мөнгөтэй улс л даа. Жавхлан гэдэг хүн Сангийн сайд байх үеэс 162 их наяд 800 тэрбум төгрөг зарцуулчихсан. Ийм их мөнгөтэй байж өнөөдөр нэг ч салбар, нэг ч асуудлыг шийдэж чадаагүй.
Хүүхэд ер нь хуульд заасных нь дагуу эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэдэг бас нэг асуулт. Ахмадуудад 36 сарынх нь тэтгэмжийг нь 2 жилд хуваагаад өгчхөж байгаа юм. Үхсэний хохь, амьдын зол гэж байгаа юм уу. Жавхлан сайд нэг их удахгүй тэтгэвэрт гарах нас нь болж байгаа биз дээ.
Ийм хүний эрхийн зөрчилтэй иргэдээ боддоггүй төсвөө хүн төвтэй төсвөө гээд нэрлэчхэж. Хүн төвгүй мега төсөв байна шүү.
Засгийн газар нь УИХ хугацаандаа хуулиа батлахгүй бол болохгүй гээд хугацааг нь тулгаад нэг хэлэлцсэн болгоод нэг хуулийн төсөл оруулаад ирдэг. Тэгээд их хурал шүүмжлэхээр багахан засвар хийгээд хугацаандаа тулахгүй батлахгүй бол их хурал чинь өөрөө хууль зөрчинө гээд байдаг. Хэрвээ хугацаандаа батлуулж чадахгүй бол Засгийн газар огцордог болмоор байгаа юм. Хугацаанд нь тулгаад маш муу төсөв оруулаад ирдэг л жишиг тогтчихлоо.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.