БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд айлчлахаар төлөвлөж байна
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай дээд хэмжээний уулзалт хийхээр ирэх нэгдүгээр сарын дундуур тус улсад хийх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёний айлчлалын бэлтгэлийг хоёр тал төлөвлөж байгаа талаар дипломат эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.
Хэрэв энэхүү айлчлал хэрэгжвэл Ли Жэ Мёний хувьд наймдугаар сараас хойш тус улсад хийсэн анхны айлчлал болох бөгөөд дайны үеийн түүх, газар нутагтай холбоотой асуудлуудаас үүдэн удаан хугацааны турш маргаантай байсаар ирсэн хоёр талын харилцаа сүүлийн үед сайжирч байгааг илэрхийлэх юм.
Удирдагчид харилцан айлчлалаар дамжуулан нягт харилцаа холбоогоо хадгалах, “ирээдүйд чиглэсэн” харилцаа холбоог хөгжүүлэх бодлогыг баталгаажуулна гэж найдаж байна. Талууд 10 дугаар сарын эхээр Т.Санаэг Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсны дараахан Өмнөд Солонгост болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа биечлэн уулзсан юм.
Тайваньд үүсэж болзошгүй нөхцөл байдалтай холбоотой Т.Санаэгийн мэдэгдлээс үүдэн дипломат маргаан үүсээд буй энэ үед Өмнөд Солонгосын тал Япон, Хятадын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр төлөвлөж байгааг Ли Жэ Мён илэрхийлээд байгаа тул маргааныг намжаахад гүйцэтгэх Сөүлийн үүрэг олны анхаарлыг татаж байна гэж эх сурвалжууд хэлжээ.
Удирдагчдын хэлэлцээ Т.Санаэгийн төрөлх муж болох Нарад болох төлөвтэй байна. Японы өмнөх Ерөнхий сайд Ишиба Шигэрү, Ли Жэ Мён нарын есдүгээр сард хийсэн уулзалт Өмнөд Солонгосын өмнөд нутгийн Бусан хотод буюу мөн нийслэлээс өөр газарт болсон юм.
Т.Санаэ, Ли Жэ Мён нар Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах зорилготой АНУ-ыг оролцуулсан гурван талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна. Талууд мөн төрөлт буурсан, бүс нутгийг сэргээх зэрэг хоёр улсад тулгамдаж буй ижил төстэй нийгмийн асуудлуудын талаар санал солилцож магадгүй юм.
Ли Жэ Мён Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хувиар наймдугаар сард Японд анх удаа айлчилж, Токиод И.Шигэрүтэй уулзсан юм.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.