БНСУ-ын Хууль зүйн сайд асан Пак Сон Жэд 25 жил хорих ял оноолоо.
БНСУ-ын Хууль зүйн сайд асан Пак Сон Жэд тус улсын Дүүргийн шүүхээс өнөөдөр 25 жил хорих ял оноолоо. Шүүх түүнийг Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн зарласан онц байдлын үеэр үймээн самуун дэгдээх үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутайд тооцсон байна.
Сөүл хотын Төв дүүргийн шүүхээс Пак Сон Жэд тусгай прокурор Чо Ун Согийн багийнхны шаардаж байсан 20 жил хорих ялаас давсан хатуу шийтгэл оноолоо. Шүүх түүнийг нотлох баримтыг устгаж болзошгүй гэж үзэн шүүхийн танхимаас шууд цагдан хорих шийдвэр гаргажээ.
Тусгай прокурорын баг Пак сайд асныг 2024 оны 12 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдлын дэглэм зарласны дараа Хууль зүйн яамны удирдах албан тушаалтнуудыг яаралтай хуралдуулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бослого дэгдээх оролдлогод оролцсон хэмээн буруутгасан байна.
Пак онц байдлыг дэмжих байгууллагад прокуроруудыг илгээх асуудлыг хэлэлцэх, мөн онц байдлын үед баривчлагдаж болзошгүй улс төрчид болон гол хүмүүсийг саатуулах зорилгоор хорих байгууллагуудын багтаамжийг шалгах, түүнчлэн хилийн хориг тавих үүрэгтэй яамны албан тушаалтнуудыг ажилд дуудах зэрэг асуудлыг хэлэлцэхээр уг хурлыг зарласан гэх үндэслэлүүдийг Прокурорын зүгээс дэвшүүлснийг шүүх хүлээн зөвшөөрч, ял оноожээ.
"Шүүгдэгч нь бослого амжилттай болж магадгүй гэсэн сэдлээр Үндсэн хуулийг сахин хамгаалах үүргээ умартан уг хууль бус ажиллагаанд биечлэн оролцохыг сонгосон" гэж шүүхийн шийдвэрт дурдсан байна.
Ингэснээр Пак Сон Жэ нь Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн танхимаас бослого дэгдээхийг оролдсон хэргээр ял сонсож буй ээлжит сайд боллоо. Өмнө нь Ерөнхий сайд асан Хан Дог Сү, Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён нар мөн ижил хэргээр ял сонсоод байгаа юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд өнгөрсөн хоёрдугаар сард бүх насаар нь хорих ял оноосон юм.
Юн Сог Ёл 2024 оны 12 дугаар сарын 3-ны шөнө онц байдал тогтоосон боловч хэдхэн цагийн дараа тус улсын Үндэсний ассамблей уг шийдвэрийг хүчингүй болгосноор үймээн самуун дэгдээх оролдлого нь бүтэлгүйтсэн билээ.


Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.