У.Хүрэлсүх намынхаа ЖДҮ-чдийг НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ гэдгээ мэдэгдлээ

У.Хүрэлсүх намынхаа ЖДҮ-чдийг НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ гэдгээ мэдэгдлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.04.13/ хуралдлаа. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байна. Тухайлбал, бүлгийн гишүүд санал нэгтэйгээр банкны салбарт томоохон өөрчлөлт, реформ хийх ёстой гэж үзжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Банкны салбарт реформ хийх Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Саналууд нь өргөн баригдсан. УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэх явцад нарийвчилж харах хэрэгтэй. Олон улсын жишгээр банкны салбар нийтлэг хэлбэрээр ажиллах ёстой. Банкны салбарын хүүг бууруулах асуудал нь илүү зардлыг танах, эх үүсвэрийг бууруулах хэрэгтэй. Үүнд Засгийн газар хяналт тавьж ажиллана" гэв. Харин банкны салбарт реформ хийх Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилсон байна. 

Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэмэгдүүлж, баталгааг нь өргөжүүлэх асуудлыг хөнджээ. Мөн УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахгүй, товлосон өдөр нь явуулах ёстой гэж МАН-ын бүлэг үзлээ. УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-нд зохион байгуулах бөгөөд МАН-ын бүлэг хуралдаанаараа "Сонгуулийг хойшлуулахгүй. Харин сонгуулиас өмнө шинэ төрлийн коронавирусний халдварын дэгдэлт их байгаатай холбоотой шаардлагатай арга хэмжээнүүдийг тухай бүрд нь авч хэрэгжүүлнэ" гэж тохиролцсон байна. 

Тэгвэл энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцжээ. Тэрбээр эрх баригч намын даргын хувьд сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага, ямар нөхцөлд нэр дэвшүүлэхгүй байх зэрэг байр сууриа тодорхой илэрхийлжээ. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбогдсон нөхдийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байна.  

Учир нь, тус сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Тэднээс гадна эл хэрэгт хөдөө аж ахуйн салбарыг толгойлж байсан УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан. Тэрбээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа билээ. 

Ямартай ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Гэхдээ УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг МАН-ын Бага хурлаар эцэслэх юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.