Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжив
![Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжив](http://olnodo.com/media/images/5e959f7bc6609.jpg)
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ.
НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2 хуулийн төслийн хэлэлцэж, дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн өргөн мэдүүлсэн төсөлд татварын ачааллыг бууруулах, буцаан олголтын хувийг нэмэх асуудлыг тусгаад байсан юм. Харин Б.Пүрэвдорж гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах заалт тусгаад байсан.
НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Засгийн газараас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сапбарын сайд, дарга нарт даалгасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/12 дугаар тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу 1 тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон.
Иймээс сайжруулсан шахмал түлшийг “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд сайжруулсан шахмал түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт хураан авч төвлөрүүлж байгаагүй, шинээр авч эхэлж байгаа тул төсвийн орлогод нөлөө үзүүлэхгүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа тодотгов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэхдээ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газраас хийсэн хамгийн үр дүнтэй ажил нь түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг хориглож улмаар олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж, утааг багасгаж, хүлэмжийн хийг бодитойгоор бууруулж чадсан. Иймд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн явцад төслийн зарим агуулгыг засч, сайжруулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр үргэлжлэв.
Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж ихээр баригдсан нь дархан цаазат газрын байгалийн унаган төрх, төлөв байдал, дэглэм горимыг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, нутаг дэвсгэрийн нягтрал, хүн амын бөөгнөрөл, зам тээврийн ачааллыг багасгах, нэгэнт эвдэгдсэн, унаган төрхөө алдсан байгалийг дахин нөхөн сэргээхэд эдийн засгийн талаас нь дэмжлэг үзүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх зорилготой гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.
Мөн тэрбээр танилцуулгадаа, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нарын 21 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан. Улсын Их Хурлын 2015 оны “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 3.1.11-д “үр тариа, буурцагт болон бусад таримлын төрөл, сортыг нэмэгдүүлэх, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх”, 3.1.13-д “өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах” гэж тус тус заасан. Гэтэл хүнсний ногооны тариалалт жилээс жилд буурч, зах зээл дэх импортын хүнсний ногооны хувь хэмжээ нэмэгдсээр байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн тэрбээр, Улсын хэмжээнд 2018 онд хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тариалж, 102.2 мянган тонн ургац хураан авч байсан бол 2019 онд улсын хэмжээнд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 90 гаруй мянган тонн ургац хураан авч төмс, хүнсний ногооныхоо нийт хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Хүнсний ногооны хэрэгцээний хоосон орон зайг гадны чанарын баталгаагүй төмс, хүнсний ногоо эзэлж байгаа нь дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд учрах эдийн засгийн сөрөг нөлөөллөөс гадна хүн амын эрүүл мэндэд харшилж, зарим өвчлөлийн эх үүсвэр болж байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт харуулж байна. Түүнчлэн сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан зогсоох боллоо. Сэлэнгэ аймагт гэхэд 6000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3000 болтлоо багассан статистик мэдээлэл байна гэж байлаа.
Эдгээр шалтгаан, нөхцлөөс хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд одоо 15-20 хувиар тогтоогоод байгаа зарим төрлийн хүнсний ногооны импортын татварыг 30 хувьд хүргэх, харин үр тариа, тэжээлийн таримал болон тосны үрийг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуултж асууж, санал хэлсний дараа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.