Цагдаагийн алба хаагчдад 67 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл хандивлав
![Цагдаагийн алба хаагчдад 67 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл хандивлав](http://olnodo.com/media/images/5e95b92b3f082.jpg)
Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусний халдварын тархалтын энэ цаг үед улс орноо, иргэдээ уг халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад өнөөдөр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас хувь хүний халдвар хамгааллын иж бүрдлийг, ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөв.
Цагдаагийн Ерөнхий газрын хурлын танхимд болсон уг хэрэгслийг хүлээлгэн өгөх уулзалтад Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид байлцлаа.
Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж буй энэ үед хамгийн их эрсдэлд орж байгаа өрхийн амьжиргаа доогуур, орлого багатай, олон хүүхэдтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэд, гэр бүлийн гишүүдтэй өрхүүд, мөн тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч мэргэжилтэн, алба хаагчдад тусламж үзүүлж байна.
Тус байгууллагаас өнгөрсөн 2 сарын хугацаанд энэ хүнд үеийг туулахад орлого багатай, нэн хүнд нөхцөлд орсон 7010 өрхөд 311 сая төгрөгийн хүнсний яаралтай тусламж үзүүлээд байна. Мөн тэд яаралтай үеийн түргэвчилсэн судалгаа явуулсаныг үндэслэж “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 сарын хугацаатай 2,2 сая ам.долларын хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд зориулсан санхүүжилт батлаад байгаа аж.
Энэ хүрээнд өнөөдөр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад амны хаалт /нэг удаагийн/ 20 мянган ширхэг /17 сая төгрөг/, 20 сая төгрөгийн хамгаалах хувцас хэрэглэл /комбинзон/ 1000 ширхэг, 5 сая 700 мянган төгрөгийн нэг удаагийн бээлий 30 мянган ширхэг, 2 сая төгрөгийн нүдний шил, 10 сая 687 мянга 500 төгрөгийн усны гутал тус бүр 500 ширхэг, Автомакс ариутгах төхөөрөмж 250 ширхэг /11 сая 250 мянган төгрөг/-ийг гардуулан өгөв. Эдгээр 6 төрлийн хамгаалах хэрэгслийн нийт үнэ нь 66 сая 637 мянга 500 төгрөг юм байна.
Хурандаа Р.Отгонжаргал: "ЦЕГ-ын хамт олон 1998 оноос Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд энэ чиглэлээр 26 удаа сургалт зохион байгуулж, 2000 цагдаагийн алба хаагч хамрагдаад байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд 3 сар гаруй хугацаанд бид бүхэн ажиллаж байна. Энэ хугацаанд манай алба хаагчид иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, хяналтын пост ажиллуулах зэргээр улсын хэмжээнд 1000 гаруй пост дээр идэвхтэй өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бид алба хаагчдаа энэ аюулт халдвараас хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгалын бодисыг бүрэн хангаж өгч байгаа. Мөн хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудаас хандив тусламж маш их ирж байгаа тэдний нэг болох Дэлхийн Зөн Монгол ОУБ-д нийт алба хаагдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Ялангуяа УОК, ОБЕГ-аас эрүүл мэндийн болон цагдаагийн алба хаагчдад шаардлагатай бүх зүйлээр хангаж өгч байгаа. Бид бүхэнд хамгаалах хэрэгслийн хувьд одоогоор хангалттай нөөц байгаа. Харин цаашдаа энэ халдварын цар хүрээнээс хамаараад бид дахин хамгаалах хувцас хэрэглэлийн татан авалт хийх эсэхээ шийднэ" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.