Коронавирусний үеийн сэргээшний шалгалт
Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн спортын ертөнцийг тэр чигээр нь зогсоогоод байна. Ирэх зун явагдах ёстой байсан Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдож, хөл хорионд орсон тамирчид гэр гэртээ бэлтгэл хийж байна.
Нам жим болоод байгаа спортын ертөнцөд нэгэн асуудал тулгараад байгаа нь допингийн шалгалтын дампуурал болжээ. Цар тахлын үед тамирчдыг шалгаад яваад байх боломж тун бага. Магадгүй, сэргээш хэрэглэдэг тамирчдын хувьд жинхэнэ аз дайрч байна уу? Хөл хорионы үед сэргээшний шалгалтыг хэрхэн явуулж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Юуны өмнө допингийн хэргээр Токиогийн олимпод орох эрхээ хасуулсан ОХУ-д байдал ямар байна вэ?
Орост допингийн шалгалт гуравдугаар сарын 27-ноос хойш зогссон байгаа. Ямар хугацаатай тасалдсан талаар мэдээлэл байхгүй ч ямар ч гэсэн дөрөвдүгээр сарыг дуустал шалгалт хийхгүй. Улс орон даяар хөл хорио тогтоосон байхад сэргээшний шалгалт хийх ямар ч боломж байхгүй.
ОХУ-ын Сэргээшний эсрэг агентлагийн тэргүүн Юрий Ганус “Шалгалт хэзээ сэргэх нь олон улсын шуудан илгээмжийн DHL компаниас их хамааралтай. Гадаад орнуудад нислэг хийгдэхгүй, хил хаагдсан байхад допингийн сорьц зөөх явдал маш хүндрэлтэй байна. Манай лаборатори ч хаагдсан байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Тус агентлаг 2020 оны 1-2 дугаар сард 1321 тамирчинд л (хөнгөн атлетик, хүндийг өргөлт, завь, биатлон, цанын тамирчид) шинжилгээ хийжээ.
ОХУ-ын Сэргээшний эсрэг агентлагийн дэд захирал Маргарита Пахноцкая Францаас гуравдугаар сарын 10-нд ирээд өөрөө тусгаарлалтад орсон нь бас нэгийг хэлээд байх шиг. ОХУ-д допингийн шинжилгээ авдаг бүх мэргэжилтнээ коронавирусний шинжилгээнд оруулсан. Одоо ч байнга эрүүл мэндийн үзлэг хийж, халууныг нь хэмжиж байгаа гэнэ.
Их Британид допингийн шалгалтынхаа тоог цөөлсөн бол Канад улс Токиогийн олимпын наадам 2021 он болж хойшлогдсон тул сэргээшний шалгалт хийхээ зогсоосноо мэдэгдсэн. Гэхдээ канад тамирчид ADAMS системээр байрлалаа байнга зааж байх үүрэгтэй. Канадын ҮОХ-ноос тамирчдад допингийн эсрэг онлайн хичээл явуулж, цар тахлын үед биеэ хэрхэн хамгаалахыг зааж сургаж байна.
АНУ-д шинжилгээгээ зогсоогоогүй ч хэмжээг нь багасгасан. Гэхдээ холимог тулааны UFC холбоо бүх тамирчдаа шалгасан хэвээр байгаа. АНУ-ын ҮОХ-ноос Токиогийн олимпын наадам нэг жилээр хойшлогдсон ч олимпод орохоор бэлтгэж байсан тамирчдыг хатуу чанга шалгахаар төлөвлөж байгаа юм.
Олон улсын допингийн эсрэг агентлагаас цар тахлын үед сэргээшний шалгалт авах шинэ дүрэм гаргасан. Мэргэжилтнүүд амны хаалт, бээлийтэй байх ёстой. Сорьц авахын өмнө гараа ариутгаж, шинжилгээ авахдаа тамирчнаас 1.8 метр зайтай зогсоно. Хэрэв шалгалтын ажилтнууд бие нь муудаж, ямар нэг шинж тэмдэг илэрвэл коронавирус биш байсан ч ажлаас нь тусгаарлахаар болжээ.
Олон улсын допингийн эсрэг агентлагийн тэргүүн Трэвис Тайгерт сэргээшний шалгалтыг цар тахлын үед ч зогсоож болохгүй гэж үзэж байна. Тэрбээр “Дэлхий даяар допингийн шинжилгээ багаслаа, зарим газарт бүрэн зогслоо. Сэргээш хэрэглэдэггүй тамирчин ямар ч үед цэвэр хэвээр байж, сэргээш хэрэглэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Харин энэ байдлыг ашиглан сэргээш хэрэглэх санаатай тамирчин байгаа нь мэдээж. Тийм тамирчдыг илрүүлэх нь бидний зорилго. Ямар ч хамаагүй аргаар хууран мэхэлж, сэргээш хэрэглэх гэсэн хүсэлтэй тамирчид байгааг бид мэдэж байна” гэж мэдэгдсэн нь коронавирусний хөл хорионы үед ч шинжилгээ хийсээр байх болно гэдгээ илэрхийлсэн хэрэг болсон юм.
Их Британийн Сэргээшний эсрэг агентлагийн тэргүүн Николь Спастед ч тийм бодолтой байна. Николь “Хэрэв сэргээшний шинжилгээг бүрэн зогсоовол сэргээш хэрэглэх тамирчин гарч ирэх нь ойлгомжтой. Тэд манай хараанаас мултарсан гэж бодож байж магадгүй. Гэвч би тэдэнд хэлье. Бид ажилласаар байгаа. Тамирчдын байрлалыг тогтоон, хянасаар байх болно. Цар тахлын үед тамирчид юу хийж байсныг тогтооно. Сэргээш хэрэглэдэг тамирчид зугтаж чадна гэж бодож байвал эндүүрэл шүү. Сэргээшний эсрэг агентлагууд бүрэн хүчээр ажиллаж эхлэх үед бид та нарыг барихаар очно” гэж сүрдүүлсэн билээ.
Олон улсын спорт холбоод ч цар тахлын үед шинжилгээ хийхээс татгалзаагүй ч хэмжээг нь багасгасан. Жишээ нь, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (World Athletics) тамирчдаа шалгасан хэвээр байх болно гэж мэдэгдсэн. Тус холбооны тэргүүн Себастьян Коу “Бид цар тахлын үед ч шалгалт хийж байгаа. Тамирчид байгаа газраа байнга мэдүүлэх үүрэгтэй. Ихэнх нь хөл хорионд орсон тул хянахад хялбар болсон. Шалгалтын тоо цөөрсөн ч тамирчид манай бүрэн хяналтад байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг WADA-гаас цар тахлын үед хэрхэн ажиллах зөвлөмж гаргаж, үндэсний холбоод, агентлагуудад илгээсэн юм.
-Сэргээшний эсрэг агентлагууд ДЭМБ, өөрийн улсын Засгийн газрын зөвлөгөөг дагах үүрэгтэй.
-Сэргээшний шалгалт хийхдээ эмч, тамирчин хэн хэн нь амны хаалт, бээлийтэй, гараа байнга ариутгаж байх ёстой.
-Сорьц авах ажилтан 65-аас дээш насны болон ханиадны шинж тэмдэгтэй бол ажлаас нь чөлөөлнө. Ажилтнууд гараа байнга угааж, нэг удаагийн бээлий хэрэглэн, тамирчнаас 2 метр зайтай зогсох үүрэгтэй.
-Тамирчин шинжилгээ өгөхөөс өмнө болон дараа нь гараа савантай усаар угаах ёстой.
-Хэрэв сэргээшний шалгалтын тоог цөөлөхөөс өөр аргагүйд хүрвэл хамгийн сэргээш хэрэглэх магадлалтай спортын төрлийн тамирчдаас юуны түрүүнд шалгалт авах хэрэгтэй.
-Хэрэв сэргээшний шинжилгээ бүрэн зогссон бол тамирчдыг байнга хянаж, хорио цээр дууссаны дараа маш хатуу шалгалт авах ёстой.
-Хэрэв шалгалтын ажилтан коронавирусний халдвар авсан бол сүүлийн 21 хоногт түүний шинжилгээ авсан бүх тамирчдад энэ талаар мэдэгдэх ёстой. Харин тамирчин коронавирусний халдвар авсан бол тухайн улсынхаа Сэргээшний эсрэг агентлагт мэдээлэх үүрэгтэй. Ийм тохиолдолд тухайн тамирчинтай болон сорьцтой ойр байсан бүх ажилтныг тусгаарлах шаардлагатай.
-Зайлшгүй байдлын улмаас хориотой бодис хэрэглэх шаардлагатай болсон бол тухайн тамирчин энэ талаараа мэдээлэх үүрэгтэй. Хэрэв албан ёсоор мэдээлэлгүй, сэргээшний шалгалтад унасан бол түүнийг дүрмийн дагуу шийтгэнэ. Харин хөл хорионоос болж, эмчид мэдээллэж, очиж чадаагүй бол үүнийгээ баталсан бичиг баримт бүрдүүлэх ёстой.
-Өөрийг тусгаарласан байсан ч ямар ч тамирчин сэргээшний шалгалтаас татгалзах эрхгүй. Харин бүр хөл хорио тогтоосон улс оронд байвал хүндэтгэх шалтгаантай гэж үзнэ. Хэрэв сэргээшний ажилтан ариун цэврийн байдлыг хангалттай сахиагүй (амны хаалтгүй, гараа угаагаагүй, бээлийгүй байвал) бол тамирчин шинжилгээ өгөхөөс татгалзах эрхтэй.
-Үндэсний сэргээшний эсрэг агентлагууд улс орон дахь коронавирусний тархалт болон хийж буй ажлаа байнга тайлагнаж байх үүрэгтэй.
Ингэхэд цар тахал допинг хэрэглэгчдэд тус болох уу?
Олон улсын сэргээшний эсрэг агентлагийн шинэ тэргүүн Витольд Банька “Хүнд хэцүү үе тохиож байгаа ч сэргээшний эсрэг ажил хэзээ ч зогсдоггүй гэдгийг тамирчдад анхааруулъя. Цар тахал болж, шалгалтын тоо цөөрч байна. Гэхдээ бидэнд сорьц авахаас өөр зэвсэг бас бий. Сэргээш хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүст хэлэхэд бид та нарыг барина. Хууран мэхлэх үе ирлээ гэж баярлаж байвал эндүүрэл шүү. Спортыг цэвэр хэвээр үлдээх нь бидний ажил. Коронавирусний цар тахал биднийг улам хүчтэй болгоно гэж бид итгэж байна” гэж хариулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.