Коронавирусний акт буюу Цар тахлын эсрэг хуулиар ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ хязгаарлана
![Коронавирусний акт буюу Цар тахлын эсрэг хуулиар ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ хязгаарлана](http://olnodo.com/media/images/5e965c98123c5.jpg)
-Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно-
Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирусний халдвар тархаж өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо хоёр сая 23 мянгад хүрч, халдварын улмаас нийт 119 мянга 563 хүн нас бараад байна. Халдвартай хүний тоогоор Америкийн нэгдсэн улс тэргүүлж байгаа бол халдвар тархаагүй цөөн тооны арлын орнууд үлджээ.
Манай улсын хувьд цар тахал тархаж эхэлснээс хойш сар гаруйн хугацаанд коронавируст халдвараас сэргийлж чадсан бол өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр ОХУ-аас ирсэн Франц улсын иргэнээс коронавирус илэрч, анхны халдварын тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш нэг сар өнгөрөөд байгаа ба энэ хугацаанд халдвар авсан хүний тоо 17 хүртэл өсөөд байсан бол, өчигдөр шинээр 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын халдвартай хүний тоо 30-д хүрээд байгаа юм. Эдгээрээс таван өвчтөнийг эдгэрсэн гэж үзэн гэрт нь тусгаарлан ажиглалтад байлгаж байна.
Халдвар авсан иргэдийн олонх нь Оросын холбооны улсаас Монгол Улсад ирсэн бөгөөд тэднийг тусгаарлалт ажиглалтад байлгах хугацаанд ийнхүү сорьц нь батлагдаад байгаа билээ. Хойд хөршид өнөөдрийн байдлаар нөхцөл байдал маш хүнд байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр ОХУ-д 18 мянга 328 тохиолдол бүртгэгдэж, 148 хүн нас барсан байна.
Ийнхүү хөрш орнуудад нөхцөл байдал хүндэрч, манай улсад халдвар авагсдын тоо нэмэгдэх хандлагатай болсон. Мөн ДЭМБ-ын зүгээс дээрх вирусний дэгдэлт 4, 5 дугаар сард оргил үедээ хүрнэ гэх мэдээллийг өгч байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн цар тахлын үед мөрдөх хуулийн төсөл боловсруулаад байгаа ба энэхүү хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэж, батлах тов гараад байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Коронавирусний акт буюу Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байна. Энэхүү хууль нь төрийн байгууллагын эрх хэмжээг цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулах зорилготой. Олон улсын жишгийн дагуу Цар тахлын эсрэг хууль нь нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд зургаан сар тутамд хүчинтэй хугацааг тооцох юм. Мөн хуулийн хэрэгжилтэд Улсын Их хурлаас сар бүр хяналт тавьж, үр дүнгийн үнэлгээ, хяналтын хэлэлцүүлэг хийхээр болсон байна. Харин халдварын тархалт дарагдахад энэхүү хуулийн үйлчлэл хүчингүй болно.
Уг хуульд, Засгийн газрын эрх хэмжээ, сахилга дэг журмыг сайжруулах, Улсын онцгой комиссын эрх үүргийг тодорхой заасан хорь гаруй нарийвчилсан заалтууд багтсан байна. Мөн хурал чуулганы дэг журмыг өөрчлөх, олон нийтийн газар, үйлчилгээний байгууллагуудын онцлогоос хамаарч үйл ажиллагааны зохицуулалт хийхээр тусгажээ.
Энэхүү хуулийн хамгийн чухал хэсэг нь иргэдийн сахилга батыг сайжруулахад чиглэж байгаа ба улс орон даяар онцгой байдалд байгаа энэ үед олон нийтийн сахиж мөрдөх шаардлагатай заалтуудыг багтааж, тэдгээрийн хэрэгжилтийг хангах, иргэдэд шаардлага тавих төрийн байгууллагуудын хуваарилалтыг нарийвчлан гаргах зэрэг асуудлууд оржээ. Тухайлбал, хөл хорионы үеийн дэглэм тогтоох, иргэдийн хөдөлгөөнийг тодорхой цагаар хориглох, гудамж талбай олон нийтийн газраар зорчуулахгүй байх, халдвар хамгааллын хэрэгсэл ашиглах, амны хаалт зүүх, бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх, санаатай болон санамсаргүйгээр бусдад халдвар тараахгүй байх зэрэг заалтууд оржээ. Харин дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд тодорхой шатны төрийн алба хаагчид хуулийн дагуу хариуцлага тооцох эрхзүйн зохицуулалт хийхээр болжээ.
Цар тахлын эсрэг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байгаа ба энэ хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.