Эмнэлгийн анхан шатны тусламжийг харъяалал харгалзахгүй үзүүлнэ
![Эмнэлгийн анхан шатны тусламжийг харъяалал харгалзахгүй үзүүлнэ](http://olnodo.com/media/images/5e96d6c49db6a.jpg)
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүл мэндийн тухай хуульд сум дундын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, мөн цөөн төрлийн мэргэшлээр амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлгийн статус тодорхойгүй байгаа аж. Тухайлбал, Засгийн газар Япон Улсын буцалтгүй тусламжаар сургалтын эмнэлгийг байгуулан Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд их сургуулийн эмнэлгийн асуудлыг тодорхойлсон хуулийн заалт байхгүй юм. Түүнчлэн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг зөвхөн Эрүүл мэндийн яамны харьяа цөөн эмнэлэг үзүүлэхээр хуульчилсан хязгаарлагдмал зохицуулалттай байна. Иймд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулснаа ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулав.
Хуулийн төсөлд эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах акт боловсруулж, эмгэг судлалын эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулаг заалт тусгасан байна. Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар тодорхой болгожээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Билэгт нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү нар үг хэллээ. УИХ-ын гишүүд иргэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах талаар хэрхэн тусгасныг тодруулав.
Монгол Улсын уламжлалт нүүдлийн аж ахуй, орчин цагийн уул уурхай, үйлдвэржилтийн бүс нутагт байгаа хүн ам, орон гэргүй, бүртгэлгүй, шинээр шилжин суурьшигч иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх асуудлыг хуулиар тодорхойлохоор заасныг ажлын багийн гишүүд онцоллоо.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.