Нийслэлд стандарт бус хашаатай, хог хаягдал ихтэй 17 байршил бий
![Нийслэлд стандарт бус хашаатай, хог хаягдал ихтэй 17 байршил бий](http://olnodo.com/media/images/5e983fb16fae7.jpg)
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар /ХСОАБХЗГ/-ын ХСОАБХЗГ-ын судалгаагаар барилгын үйл ажиллагаа явуулахгүй газар эзэмшдэг, стандарт бус хашаатай, хог хаягдал ихээр цугладаг нийслэлийн хэмжээнд нийт 17 байршил байна.
Эдгээр газрыг эзэмшигчдэд Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албатай хамтарч албан мэдэгдэл хүргүүлж, цуцлуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Цуцалсан газрыг нийтийн эзэмшлээр ашиглаж, тоглоомын талбай, авто зогсоол зэргийг хийхээр төлөвлөжээ.
ХСОАБХЗГ-ын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар өнөөдөр /2020.04.16/ барилгын компаниудын орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
Н.Билэгсайхан: “Орчны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй барилгын орчинтой 379 компанид стандартыг хангаж ажиллах чиглэл бүхий албан мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусгавар болно. Энэ хугацаанд барилгын орчны аюулгүй байдлын стандартыг хангаж ажиллаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, нийслэлээс явуулж буй төсөлд оролцуулахгүй байх арга хэмжээг авна. Мэргэжлийн хяналтын байцаагч, хотын стандартын газрын албан хаагчид нэгдсэн шалгалт хийн ажиллаж байна. Барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох, торгууль ногдуулахын зэрэгцээ барилгын үйл ажиллагаа, гадна орчинд мөрдөгддөг стандарт шаардлагыг хангуулах, зөвлөмж мэдээллийг өгч байгаа. Энэ хүрээнд зарим аж ахуйн нэгж барилгын хашаагаа сольж, орчны аюулгүй байдлын стандартыг ханган ажиллаж байна” гэв.
Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан: “Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах талаар аж ахуйн нэгжүүдийн үүрэг хүлээсэн журмыг баталсан. Энэ дагуу барилгын үйл ажиллагаа явуулж буй компаниуд орчны хог хаягдлаа цэвэрлэх, менежментийн төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн ажлуудаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.