Си Жиньпин, В. Путин нар утсаар ярьжээ

Си Жиньпин, В. Путин нар утсаар ярьжээ

БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн пүрэв гарагийн орой утсаар ярьсан тухай Хятадын Төв телевиз мэдээлжээ.

“Цар тахлын асуудлыг улс төржүүлэх, "нэр зүүх" нь олон улсын хамтын ажиллагаанд ашиг тусаа өгөхгүй. БНХАУ, ОХУ нягт хамтран ажиллаж, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог хамгаалах хэрэгтэй. В.Путиний удирдлага дор ОХУ цар тахлын дэгдэлтийг богино хугацаанд удаашруулж, ард иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж, нийгэм эдийн засгийн хөгжлийг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ коронавирусний тархалттай тэмцэхэд нь ОХУ-д тууштай дэмжлэг, туслалцаа үзүүлсээр байна” хэмээн Си Жиньпин утсаар ярих үеэрээ мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Хятадын тал Оросод хүмүүнлэгийн тусламж илгээсэн билээ. Мөн Москва хот руу эмнэлгийн шинжээчдийн багийг илгээсэн. Шинжээчдийн баг Оросын талтай туршлага солилцож байгаа” гэжээ.

Орос, Хятадын худалдааны эргэлт энэ оны эхний улиралд өссөн нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед онцгой чухал үр дүн болохыг Си Жиньпин цохон тэмдэглэжээ.

Цар тахлаас үүдэлтэй хүнд цаг үеийг даван туулж байгаа нь хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, найрсаг харилцааг илүү бат бөх болгоно гэдэгт итгэлтэй байна хэмээн Си Жиньпин мэдэгдсэн байна. 

Харин ОХУ-ын В.Путин мэдэгдэхдээ, коронавирусний талаарх зохисгүй мэдээллээр БНХАУ-ыг буруутгахыг оролдож байгаа нь сөрөг үр нөлөөтэй юм гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.