ХЭРГИЙН ГАЗАР: Барилгын талбайгаас цамцанд боосон хүний яс олджээ

ХЭРГИЙН ГАЗАР: Барилгын талбайгаас цамцанд боосон хүний яс олджээ

Баригдаж буй барилгын талбайгаас нас барсан хүний олон тооны яс олдсон тухай мэдээлэл манай редакцад ирсний дагуу бид хэргийн газрыг зорилоо.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, бидний хэлж заншсанаар Улсын Циркийн ойролцоо баригдаж буй барилгын ажилчид, гадна тохижилтын ажлаа хийж байхдаа дээрх яснуудыг олсон байна. Тэд гадна талбайд саравч барихаар газар ухаж байсан гэх ба шороон дундаас даавуунд боосон хатуу зүйлс олсон нь олон тооны яс байжээ. Улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу алба хаагчид хэргийн газарт хамгаалалт авч, 10 орчим цаг ажиллаад явсан байна.

Биднийг хэргийн газарт очих үед цагдаагийн алба хаагчид тус газраас олдсон нас барсан хүний яснуудыг авч явсан байсан бөгөөд газарт нэг метр орчим гүн нүх үүссэн байлаа. Болсон хэрэг явдлын тухайд тус барилгын ажилтан Б-аас /нэрийг өөрчлөв.сурв/ тодрууллаа.


-Сайн байна уу? Энэ барилгын талбайгаас олон тооны яс олдсон гэж сонслоо. Та тэдгээр яснуудыг харсан уу?

-Тийм ээ. Өчигдөр өглөөний 10.00 цагийн орчимд байх. Намайг дээд давхарт ажиллаж байхад барилгын ажилчид шуугилдаж эхэлсэн юм. Бүгд доошоо бууж барилгаас гарсан. Гэтэл гадаа тохижилтын ажил хийж байсан хүмүүс саравч барих гэж байсан нүхнээс даавуунд боолттой яснууд гаргаад ирчихсэн, бүгд сандарсан байдалтай байсан. Би сонирхоод хартал хар бараан цамцанд яснуудыг боосон харагдсан. Яг нүх ухаж байсан хүн нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ч удалгүй ирсэн.

-Хүний яс гэдгийг яаж мэдсэн юм бэ?

-Цамцанд боосон байсан. Бас гутал эд хэрэглэл нь тэр нүхнээс гарч ирэнгүүт хүнийх гэдгийг мэдсэн. Удаагүй цагдаа нар ирээд хэнийг  ч ойртуулахгүйгээр хамгаалалт гаргасан. Бид нарыг ч зайтай байхыг сануулсан.

-Цагдаа нар хэр удаан ажилласан бэ. Танай барилгыг битүүмжилсэн үү?

-Өглөөнөөс бүр орой хүртэл энэ газрыг ухсан байх аа. Барилгад ажиллаж байсан хүн бүхнээс л болсон хэргийн тухай асууж, бичиж тэмдэглэж авч байсан. Би харсан зүйлсээ л бүгдийг ярьсан. Хэрэгтэй бол эргэж ярина аа гэсэн.

-Нүхнээс гарч ирсэн хувцас хуучирч муудсан байсан уу? Энэ барилгын суурийг цутгахад яагаад гарч ирээгүй юм бол?

-Ер нь хуучирсан байсан байх. Яснууд гарч ирсэн газар бол барилгын сууриас хоёр метр шахуу хол болохоор барилгын ажил эхлэхэд гарч ирээгүй байх л гэж ярилцаж байгаа. Өмнө нь энэ газар автобус баазын том хашаа байсан. Тэр үед л нас барсан хүнийг энд булчихсан байсан байх гэж таамаглаж байгаа. Бид нарт өөр мэдэх юм алга даа.

Энэхүү хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын болон эрүүгийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид ажиллажээ. Дээрх ухсан нүхнээс ханцуй нь тасарсан цамцнууд олдсоны нэгэнд нь яснуудыг боож булсан байсан аж. Мөн тус газраас өмд, өрөөсөн гутал зэрэг зүйлс олдсоныг эд мөрийн баримтаар хураан авч, шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү шинжлүүлэхээр явуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас нийт 50 ширхэг орчим ясны хэсэг олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр эрэгтэй хүнийх гэдэг нь тогтоогджээ. Мөн талийгаач нь бусдын гарт амь насаа алдсан байх магадлал өндөр байгаа аж. Учир нь хэргийн газраас олдсон гутлын өрөөсөн олдоогүй байна. Түүнчлэн  тус газраас нийт дөрвөн ширхэг цамц гарч ирсэн нь хэрэгтэн бусдын амь насыг бүрэлгээд ул мөрөө нуун далдлах зорилгоор өөрийнхөө цамцыг хамтад нь булсан байх магадлалтай гэжээ.

Гэхдээ шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй бөгөөд талийгаачийн хэн болох, нас барсан хугацаа, үхлийн шалтгааныг тодруулахад хугацаа шаардлагатай байгаа аж. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж https://zindaa.mn/37ax

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.