Франц иргэн 47 хоногийн дараа эдгэрлээ

Коронавирусээр халдварласан франц иргэн бүрэн эдгэрч 47 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. Одоо түүнийг “Энх саран” сувилалд шилжүүлэхээр болжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Франц иргэн анх биеийн байдал маш хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн монгол эмч нарын ур чадвар, мэдрэмж, эмчилгээний арга барилыг зөв баримталж ажиллаж байгаа гэж үзэж байна” хэмээн тэмдэглэв.
ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид 161 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 19 эмнэлгийн ажилтан, тандалтын зорилгоор цуглуулсан 5 сорьцод халдвар илрээгүй. Мөн Дундговь, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Алтанбулагийн боомоор орж ирсэн тээврийн 15 жолоочийн сорьц халдваргүй гарчээ. Түүнчлэн ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусний халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирж, Амар зочид буудалд тусгарлагдсан 48 оюутан бий.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.