Оюутолгойн гэрээнд салхи оруулах эрүүл амбиц энэ засагт байсангүй

Бүтэн аравны турш Монголчууд бидэнтэй хамт яваа халуун сэдвүүдийн нэг бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлт юм. Эдийн засагт том нөлөөтэй энэ төсөл урагшлахтай зэрэгцэн Монгол Улсын өр зузаарч буйг хаа хаанаа мэдэж байгаа. Үүц баялгийн эзэн Монголчууд төслөөс авч үлдэх бодит өгөөжөө нэмэгдүүлэх, нуруундаа үүрч дүүрсэн ачаагаа хөнгөлөх асуудлыг гэрээнд өөрчлөлт оруулахаас өөрөөр шийдвэрлэх боломж байхгүй. Тиймээс ч 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлахад, олон жилийн сэдэв шийдэл дагуулж мэдэх нь гэсэн хүлээлт нийгэмд үүссэн юм. Гэвч бодит нөхцөл байдлыг харахад энэ төсөлтэй, энэ гэрээтэй зууралдаж, улс орны эрх ашгийг эхэнд эрэмбэлэх том амбиц лав энэ засагт, парламентад үнэндээ байхгүй нь тодорхой боллоо.
УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу бол У.Хүрэлсүхийн удирдаж буй кабинет гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг өнгөрсөн гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх ёстой байв. Төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн. Гэсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд татварын маргаанаа Арбитр дээр тулж, шийднэ гэснээс өөр мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өгсөнгүй.
Нэг талаас, коронавирус гэсэн гэнэтийн эрсдэл үүсэж, дээр дооргүй үймж, урдах хойдохоо мартаж, санасан нөхцөл байдал байна л даа. Хэдий тийм ч төрийн санах ойд үргэлж эхэнд байх ёстой макро түвшний асуудлуудаа шийдэхийн тулд ажиллах ёстой. Хэдийгээр сонгуулиас өмнө хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж чадахгүй байх байлаа ч гэсэн үнэхээр л улс орны эрх ашгийг хангуулахад чиглэсэн тогтоол баталсан л юм бол тэрэндээ нийцүүлсэн алхам хийх ёстой. Гэтэл тэгсэнгүй, таг чиг байна.
Монголын төр чимээгүй байгаатай зэрэгцэн хөрөнгө оруулагч тал Далд уурхайн санхүүжилтийн зардлыг 7.2 тэрбум ам.доллароос буухгүй нь гэсэн байр суурь дээрээ хатуу зогссоор байгаа юм. “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж эзэмшиж буй “Эрдэнэс Оюу толгой” ХХК нь хэтэрсэн зардал бүрийн 34 хувьтай тэнцэх хэмжээний өрийг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн гэдгийг энд сануулахад илүүдэхгүй байх.
Тодруулж хэлбэл, 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээг баталсан байдаг юм. Тусгасан асуудлуудыг харвал, “Рио тинто” групп нь “Оюу толгой” ХХК-д стратегийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, менежментийн үйлчилгээний төлбөр авна. Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл шаардагдах хөрөнгийг 100 хувь гаргах бөгөөд Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох санхүүжилтэд LIBOR дээр нэмэх нь 6.5 хувиар хүү тооцно. Үндсэн болон хүүгийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-н ирээдүйн ногдол ашгаас суутгана. Төслийн санхүүжилт Хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх бол хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгохыг эрмэлзэнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр төслийг санхүүжүүлж гаднаас орж ирж буй мөнгөний өсөлтийг бид анхаарахгүй, хайхрахгүй байх боломжгүй. Монголын Засгийн газар өрийг үндсэн төлбөр дээр хүү нэмж төлөх юм. Манай улсын гадаад өр 31 тэрбум ам.доллар шүргэж байгаа, одоогоор. Тэгвэл үүний арав гаруй тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн зардал юм. Сангийн сайд асан С.Баярцогт үүнийг тайлбарлахдаа “Хөрөнгө оруулалтын гэрээний 9.8 дахь заалтад хөрөнгө оруулалтын хэлбэрийг зааж өгсөн болохоос түүний эх үүсвэрийг зааж өгөөгүй” гэж байгаа юм. Тэгэхээр төслийг хэнээс ч хаанаас ч өрөөр санхүүжүүлэх боломжийг гэрээнд тусгасан гэсэн үг. 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайн хэлцлээр далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгохоор манай талтай тохирч, 14 банкнаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авч байсан билээ. Төслийн зардал, үнийн тооцоолол ИХ, БАГА хэмжээгээр зөрөх магадлалтай гэдэг дээр хөрөнгө оруулагч тал манай талтай тохирчихсон байдаг.
Тодруулбал, “ТЭЗҮ-ийг боловсруулахад тухайн цаг үеийн тоо баримтад үндэслэдэг тул тооцоолол нь гүйцэтгэлийн үеийн тооцооллоос зөрж болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодит үр дүн тооцооллоос их, бага хэмжээгээр зөрөх магадлалтай” хэмээн гэрээндээ тусгачихсан байгаа. Мөн уг хэлцлээр гүний уурхайн бүтээн байгуулалтад жил бүр зарцуулах тойм дүнг тогтоосон байдаг. Тэгэхээр далд уурхайн санхүүжилт хэдэн ч тэрбумаар нэмэгдэх боллоо гэсэн Монголын Засгийн газрын зүгээс ширүүн дуугарах боломж гэрээний хүрээнд лав байхгүй гэдгийг тодотгоход гэмгүй байх. Ер нь бол Оюутолгой төсөлтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх гарц нь хөрөнгө оруулалтын гэрээнд цагаа олсон, зөв өөрчлөлтийг хийх явдал юм. Төслийн менежментийн эрхийг барьж буй “Рио Тинто” хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийн асуудлаар Монголын Засгийн газартай эв эеийг баримтлан хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн байр суурийг уг нь илэрхийлсэн. Гэсэн ч түрүүн хэлсэнчлэн энэ төсөлтэй, энэ гэрээтэй зууралдаж, улс орны эрх ашгийг эхэнд эрэмбэлэх том амбиц лав энэ засагт, парламентад байсангүй ээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.