Ө.Энхтүвшин: Агаарын хил, боомтуудын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг 2020.06.01 хүртэл сунгаж байна

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаан 10:00 цагт эхэлсэн бөгөөд цар тахлын үеийн хорио, цээрийг сунгах болон цаг үеийн асуудалтай холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар яг одоо Улсын Онцгой комиссоос мэдээлэл өгч байна. Хэвлэлийн бага хуралд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар оролцож байна.
Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Хуралдаанаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг ярилцлаа. Нөхцөл байдал амаргүй болж байна. Өнөөдрийн байдлаар гурван сая гаруй хүн халдварласан байна. Манай хойд хөршид 24 цагийн дотор 6894 нэмэгдэж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 38 хүн халдвар аваад байна. Халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч байна. Ингэхээр энэ вирус хувирч байна, шинж тэмдэг нь өөрчлөгдөж байна. Энэ нь их аюул дагуулж байна. Коронавирус хүнээс хүнд халдварлаж байсан бол хүнээс амьтанд хүртэл халдварлаж байна" гэв.
Түүнчлэн "Долоо дахь эрсдэлийн үнэлгээг хийлээ. Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарч байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугасарын 31-ний өдрийг дуустал гаргах шийдвэрийг гаргаж байна. Энэ хугацаанд нислэгийг хязгаарласан хугацааг сунгаж байна. Монгол Улсын иргэдийг гурван боомтоор л хүлээж авна. Гаднын орны иргэдийг авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна. Мэргэжлийн холбоод, танхимын сургалтын үйл ажилллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг яриад энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оролцуулна. Монгол иргэдээ авч ирэх ажлыг үргэлжүүлнэ. Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.