Европ болон БНСУ-д байгаа иргэдээ татаж авна

 Европ болон БНСУ-д байгаа иргэдээ татаж авна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нар өнөөдөр /2020.04.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ үеэр ойрын хугацаанд БНСУ руу хоёр, Европын орон руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ авчирна гэж мэдэгдлээ.

Ингэхдээ гадаадад эмчлүүлэх гэж явсан, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүн, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эхний ээлжинд татаж авна гэлээ. Харин байнгын нислэг хийдэггүй зарим улс, орноос монгол иргэдээ авч ирэх боломжгүй, нислэг хийхгүй гэдгийг сануулав. 

Тэрбээр "Гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн иргэдийн тоо байнга нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 9890 хүн хүсэлт ирүүлсэн байна. Бид боломжоороо иргэдээ авчирж байгаа. Нислэг, авто зам, галт тэргээр татан авч байна. Эхний ээлжинд гэдэг шалгуурыг тавьсан. Тухайлбал, гадаадад эмчлүүлэх гэж явсан, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүн, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эхлээд татаж авч байна. Өнгөрсөн хугацаанд БНСУ руу олон нислэг үйлдлээ. Цаашид ч хийнэ. Яг энэ шалгуураа л тавина. Иргэд янз бүрийн суулт хийгээд нэмэргүй. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоцны тоо нэмэгдэхгүй. АНУ руу нислэг хийх бололцоо байхгүй. Байнгын нислэг хийдэг орон руугаа л нислэг хийнэ. Нислэг хийдэггүй улс руу нислэг хийх боломжгүй. Хэрэв нэг л нислэг хийдэггүй орон руу иргэдээ татаж авах нислэг зохион байгуулах юм бол 57 орон руу нисэх хэрэг болно. Тиймээс бид байнгын нислэг хийдэггүй орон руу нислэг хийнэ гэж амлаж чадахгүй, худлаа ярьж чадахгүй" гэж Онцгой комиссын байр суурийг илэрхийллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.