Абэ Шинзо: Япон улс Токиогийн олимпыг хойшлуулснаас үүдэн гарах нэмэлт зардлыг хариуцна гэж амлаагүй

Япон улс цар тахлын улмаас Токиогийн олимпыг нэг жилээр хойшлуулснаас үүдэн гарах нэмэлт зардлыг хариуцна гэж Олон улсын олимпын хороонд амлаагүй. Энэ тухай Японы Ерөнхий сайд Абэ Шинзо мягмар гарагт парламентын хуралдаанд үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
Япон улс олимпыг ирэх онд хүн төрөлхтөн шинэ коронавирусийг ялан дийлсний бэлгэдэл болгон явуулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа гэдгийг тэрбээр мөн энэ үеэрээ онцлон тэмдэглэжээ.
Олон улсын олимпын хорооны сайтад энэ сарын 20-нд олимпыг хойшлуулсан асуудалтай холбоотой материал гарсан юм. Энэ материалд Японы Ерөнхий сайд Абэ Шинзо гэрээний дагуу олимпын наадмыг хойшлуулснаас үүдэн гарах зардлыг даана гэдгээ зөвшөөрсөн гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. Гэвч энэ материал гараад удалгүй яг энэ хэсгийг нь устгасан юм.
Тэгвэл Токиогийн амбан захирагч Юрико Коикэ мягмар гарагт мэдэгдэхдээ Япон улсын Засгийн газар, нийслэлийн засаг захиргаа, наадмыг зохион байгуулах хорооноос олимпын наадмыг хойшлуулсантай холбоотой зардлыг хэрхэн нөхөх вэ гэсэн асуудлыг сайтар судалж байгаа гэсэн байна. Япон улс олимпын наадмын бэлтгэлд 12 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан. Харин наадмыг хойшлуулснаар асар их алдагдал хүлээх төлөвтэй байгаа гэжээ.
Олон улсын олимпын хорооны зүгээс олимпын наадмыг хойшлуулахыг зөвшөөрөхгүй нэлээд удсан нь энэ байгууллага санхүүгийн асар их алдагдалд орохыг хүсээгүйтэй холбоотой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.