Э.Бадар-Ууган: Солонгост байгаа 40 мянган Монгол иргэнийг хохироож байна

Э.Бадар-Ууган: Солонгост байгаа 40 мянган Монгол иргэнийг хохироож байна

БНСУ-д түр хугацаагаар очсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын аварга Э.Бадар-Ууган тус улс дахь Монголын Элчин сайдын яамны үйл ажиллагаанд бухимдаж буйгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлсэн юм.

Тэрбээр “Солонгост байгаа Монгол иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа ЭСЯ-ны цус ойртсон хэдэн нөхдүүд хэрээс хэтэрч байна. Нямаагийн Энхболдын хүргэн Хаш-Эрдэнэ  тэргүүтэй нөхөд нь улсын хэргийг уландаа гишгэж байгааг харлаа. Энэ ажил нураагчаа яг одоо татаж ав. 40 мянган Монгол иргэнийг хохироож байна. Яг ийм хогийн юмаар улс төр хийнэ гэж байхгүй шүү” хэмээн пост бичсэн.

Тэрбээр ийнхүү бухимдах болсон шалтгаанаа хэвлэлд  тайлбарлахдаа “Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөр настнууд, жирэмсэн эхчүүд, өвчтэй хүмүүс, бага насны хүүхдүүдийг тусгай үүргийн онгоцонд суулгана гэж тусгасан. Гэвч энэ нь БНСУ дахь Элчин сайдын яаманд огт хэрэгжихгүй байна. Энд байгаа хүмүүс маш их бухимдалтай байгаа. Элчин сайдын яамны хүнд суртал, ажилтнуудын ёс бус харьцаа нь биднийг маш ихээр бухимдуулж байна. Бид зүй ёсны шаардлага л тавьсан, УОК-ын шийдвэрийг ном журмын дагуу хэрэгжүүлэхийг л шаардсан. Би эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт ирээд гурван сар орчим болж байна. Гэр бүлийнхнээ амрааж, өөрөө ажил хэргээ бүтээгээд яг буцах гэтэл нислэгийг зогсоосон. Элчин сайдын яаманд хэд хэдэн удаа хандсан ч тусыг эс оллоо. Тиймээс зүгээр хараад сууж тэссэнгүй. Би яах вэ. Ядаж эхнэр, дөрвөн хүүхдээ нутаг буцаамаар байна. Дүрэм, журам хаана, хэнд хэрэгжээд байгаа нь ойлгохгүй юм” гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.