ОХУ болон Бразильд “COVID-19” хурдацтай тархаж байна

“COVID-19” өвчин 215 оронд тархаж, 3.4 сая хүн өвчилж, 239 мянган нас барсан бол 1 сая гаруй эдгэрчээ. ОХУ болон Бразильд өвчин хурдтай тархаж байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
Тодруулбал, ОХУ-д энэ сарын 1-нд 7933 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 114 мянга 431 болжээ. Үүнээс 1169 хүн нас барж, 13 мянга 220 хүн эдгэрчээ. Харин Бразиль Улсад 92 мянган хүн өвчилж, 6400 хүн нас баржээ. Мөн Сингапур улсад 932, Япон улсад 187 тохиолдол өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдсэн байна. Тиймээс Япон улс Үндэсний хэмжээнд тогтоосон онц байдлын хугацааг сунгах магадлалтай байгаа аж. БНСУ-д шинэ тохиолдол 6 бүртгэгдсэн байна. Тус улс өмнө нь халдвар аваад эдгэрсэн 200 гаруй хүнд дахин шинжилгээ хийсэн бөгөөд дахин халдвар авах, тараах боломжгүй хэмээн үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.