Франц, Итали, Испанид халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо буурлаа

Франц, Итали, Испанид халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо буурлаа

 Франц, Итали, Испанид хязгаарлалтуудыг сулруулахаар бэлтгэж буй энэ үед эдгээр оронд коронавирусний халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо буурчээ.

Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 135 хүн, Испанид 164 хүн нас барсан нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Мөн Италид сүүлийн хоёр сарын хугацаанд өдөрт хамгийн цөөн буюу 174 хүн нас баржээ.

Үүний зэрэгцээ Францад өвчтөнүүдээс авсан сорьцыг шинжлэхэд вирус өнгөрсөн оны сүүлээр буюу анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс хэдэн долоо хоногийн өмнө тус улсад тархсан байсныг харуулсан байна.

ОХУ-д нэг өдрийн дотор 10 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ. Гэсэн хэдий ч тус улсад нас баралтын түвшин бусад орныхоос харьцангуй бага байгаа бөгөөд ням гарагт 58 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1280 болжээ.

Их Британид 315 хүн нас барснаар уг тоон үзүүлэлтээрээ АНУ, Италийн араас гуравдугаарт бичигдэж эхэлжээ. Харин Их Британийн эрх баригчид тархалт оргил үедээ хүрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа гэж мэдэгдэж байгаа юм.

Дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 250 мянга орчим хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.