"The HU" хамтлагийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзээд, ирүүлсэн” гэв

“Ковид-19” цар тахлын улмаас "The HU" хамтлаг Австрали улсад гацаж, хөл хорионд орсон талаар өмнө мэдээлж байсан билээ.
Тэгвэл Сидней хотод саатсан "The HU" хамтлагийнхан өнгөрсөн ням гаригт (2020.05.03) Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн юм. Энэ нь зарим иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа тул Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцноос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гэдэг тайлбарыг хэлж, оруулаагүй. Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Иргэдийн хувьд хэн нэгэн хүнийг гомдоогоод эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнөө маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг онцлов.
Сануулахад, "The HU" хамтлаг Австрали улсад аялан тоглолтоор очсоных нь дараа тус улсад коронавирусний халдварын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Тэд гуравдугаар сарын 16-нд Аделейд хотод 1000 гаруй хүнийг хамарсан, гуравдугаар сарын 17-нд Брисбан хотод 500 хүнийг хамарсан тоглолт зохион байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.