Филиппиний тэргүүлэгч телевизийн суваг хаагджээ

Филиппиний Үндэсний харилцаа холбооны комиссын тушаалын дагуу тус улсын тэргүүлэгч “ABS-CBN” телевизийн сувгийн үйл ажиллагааг мягмар гарагт зогсоожээ.
“Конгресс танай сувгийн зөвшөөрлийг шинэчлэх хүртэл та бүхэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой” гэж Үндэсний харилцаа холбооны комиссоос өмнө нь мэдээлснийг “ABS-CBN” суваг уламжилсан байна.
Гэсэн хэдий ч тус комисс үйл ажиллагаагаа зогсоохыг мягмар гарагт “ABS-CBN”-ээс шаарджээ. Олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан уг сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх эрх даваа гарагт дууссан ажээ.
Уг суваг шүүмжлэгчдийг чимээгүй болгодгоороо цуутай Ерөнхийлөгч Родриго Дутертегийн дургүйцлийг хүргэсэн байжээ. “ABS-CBN” корпорацын захирал Марк Лопез сувгаа хаагдахаас өмнөхөн, ийм үйл явдал болж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. "Засгийн газар Филиппинчүүдийн ашиг сонирхлыг дээдэлж, энэ хүнд цаг үед хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангаж буй бидний хүчин чармайлтыг үнэлсэн шийдвэр гаргана хэмээн найдаж байна" гэж “ABS-CBN” сувгийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“ABS-CBN” 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Р.Дутертегийн кампанит ажлын сурталчилгааг нэвтрүүлэхээс татгалзсанаас хойш хоёр талын маргаан эхэлжээ.
Сөрөг хүчний хууль тогтоогчдын үзэж буйгаар, уг шийдвэр коронавирусний тархалтыг улам дордуулж болзошгүй байна. Филиппинд сүүлийн мэдээллээр 9600 гаруй хүн халдвар авч, 600 гаруй хүн нас баржээ.
1953 онд үүсгэн байгуулагдсан энэхүү корпорац 11 мянга гаруй ажилтантай, орон даяар радио, телевизийн станцуудтай бөгөөд цахим нэвтрүүлгүүдийг хүргэдэг ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.