Австралийн тосгон МОНГОЛ ЗУРААЧИЙН нэрээр алдаршиж байна

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлчдийн нэг бол Хиско буюу Х.Хоснаран юм. Австрали улсад уран бүтээлээ туурвидаг түүний ханан дээр зурсан өвөрмөц дизайнтай, дахин давтагдашгүй бүтээлүүд нь тус улсад төдийгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг чимдэг.
Тэгвэл эх орон, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон жуулчдын сонирхлыг татаж эхэлжээ. Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгон “Heesco town” нэрээр алдаршиж, жуулчдын сонирхлыг татаж байгаа тухай сайхан мэдээлэл цацагдаж байна.
Энэ оны эхээр тус улсад их хэмжээний түймэр гарч, хот тосгод нь эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тиймээс Хиско Яаррам тосгоны иргэдтэй хамтран жуулчдыг татах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Хамгийн өндөр нь хоёр давхар барилгатай тэнцэх 10 гаруй ханан дээр тус тосгоноос гаралтай алдартнууд болон түүхийг нь харуулсан зураг зурсны дараа Яаррам хэмээх газрыг “Heesco town” буюу Хиско хотхон хэмээн тунхаглах болсон байна.
Төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Австрали улсад коронавирусний улмаас хөл хорио тогтоосон учир Хиско дээрх бүтээлээ таван долоон хоногийн турш ганцаараа зурж дуусгажээ.
Их түймрийн араас дэлхийг айлгасан цар тахал тархсан энэ цагт урлагаар дамжуулж, эерэг хандлага түгээх түүний цаад зорилго биеллээ олжээ. Австралийн үндэсний телевиз болон бусад томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний бүтээлийг онцолсоор байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.