Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа

Хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлд 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бол эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм.
Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, санал хэллээ. Тэрбээр, зарчмын зөрүүтэй саналын томьёололд “найрлагадаа таван хувиас дээш хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүн импортлох, худалдахыг хориглоно” гэсэн агуулгын хүрээнд нийтээрээ хүлээн зөвшөөрдөг, ашиглагддаг хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж био технологийн аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүнийг нийтээр нь хориглох вий гэдгээс болгоомжилж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс хариултдаа, Хувиргасан амьд организмаас гаралтай таримал ургамлыг хориглох, дотооддоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох тухай энэ заалт дээр Ажлын хэсэг дээр олон удаа ярилцсан. Хориглоно гэсэн хэлбэрээр оруулахгүйгээр ойлголтын зөрүүгээ арилгах шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн орчин үеийн био технологийн аргаар гаргаж авсан гэдэг нь генийн гажиг, генетикийн өөрчлөлт гэдгээс тусдаа өөр ойлголт тул асуудлаа хольж хутгалгүй, хориглож болохгүй гэдгийг ойлгох шаардлагатай гэдгийг гишүүдэд анхааруулсан.
Харин энэ үеэр Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Сүхбат орон нутагт албан томилолттой яваа тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг уламжилж, хэлэлцэх асуудлыг хойшлуулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.