Өмнийн говьд ТААМАГ ЭВДСЭН хоёр

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн жинхэнэ “шок” байсан юм. Сонгуулийн өмнө эрх баригч АН-ынхан “Ахиулан хийх ажил их байна” гэж шоудаад л, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 300 хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авах нэрээр бэлэн мөнгө тараагаад тун ч додигор байв. Өнөөгийн МАН-ынхан шиг л баахан хар жийптэй дарга нар хөлхөлдсөн, тийм нам байлаа шүү дээ. Том, жижиг таван сонгуульд дараалан ялчихаад байсан АН-ынхан “Одоо Ардын намыг энэ сонгуулиар нэгмөсөн арчиж хаях цаг нь болсон” гэж даналзана. Түүнийг нь бодитой гэж итгэсэн бизнесийнхнээс эхлээд сургуулийн захирлууд хүртэл АН-ын байр, нэр дэвшигчдийнх нь штабуудаар хөлхөлдөж байлаа. Нөгөө талд МАН-ынхан хий дэмий л АН-ынхаа бонд авч хийсэн ажлыг “харлуулах” гэсэн хэдэн нэвтрүүлэг, нийтлэл маягийн юмтай л сууж байсан байх. Дээр нь МАХН-аас “60 тэрбум”-ын гэх бичлэг задлаад бүр сүйтгэсэн. Бараг намаа хаяад зугатах шахаж, гадаадаас ирж хөрөнгөө зарцуулж сонгуульд өрсөлдсөн зарим гишүүн нь уур унтуу болж байсан гэдэг. Сонгуульд намаа дэмжиж ажиллаж байгаа дунд шатны нөхдүүд нь нэг л их уруу дорой царайлсан улсууд явдаг байв. Сонгуулийн сурталчилгааны өмнөхөн буюу 2016 оны тавдугаар сарын 21-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас ирсэн даруйдаа онгоцны буудал дээр “Оюутолгой гацаанаас гарлаа” гэж мэдэгдсэн нь АН-д хасах оноо болсон. “Хүүе, хаая мэдэгдэж бариагүй юу болчихов” гээд шуугисан. Хуучин сэдвүүд нь амны зугаа гаргахаа больчихсон байсан болохоор энэ асуудал сонгууль хүртэл хангалттай яригдсан юм. Дээр нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эх орондоо авчирлаа гээд хэлчихсэн чинь бүр ч бишидлээ. Эх орон биш Худалдаа хөгжлийн банкныхан болж таарлаа. Энэ хоёр үйл явдал сонгуулийн дүн эргүүлэхэд хангалттай шалтаг болсон. Гэхдээ өнөөгийн байгаа шиг УИХ-д есөн суудалтай үлдтэлээ ялагдана гэж хэн төсөөлөх билээ. МАН-ынхан ч АН-д алдаад туучихсан гэж бодож байсан газрууддаа ялаад алмайрч байсан цаг. Хүмүүс нэг доргихоороо яаж дөнгөдгийг жинхэнэ таниулсан даа.
УИХ-д 65 суудалтай болсны дараахан МАН-ын УИХ дахь бүлэгт ажиллаж байсан залуус ч шинэ гишүүдийнхээ заримыг танихгүй будилж байлаа. Олон нийт ч аль аймгаас ямар хүн сонгогдчихов хэмээн “шинэков”-уудыг сонжиж эхэллээ. Ялангуяа эмэгтэй гишүүдийг сонжсон, шоолох шалтаг хайсан юм зөндөө л хөвөрсөн. Тэр дунд Н.Амарзаяа гишүүн ч орж өөнтөглүүлсэн тохиолдлууд бий. Бохь зажилсан, утсаар ярьсан өөр юу ч байдаг билээ. Гэхдээ эдгээр нь УИХ-ын гишүүний ёс зүйг дордуулаад байгаа зүйл биш. Хүний амьдралын өдөр тутамд байж л байдаг, тохиолдож болох л явдлууд юм. Харин хулгай хийсэн, хуулийг буруу баталсан бол төрийн эрх барих дээд байгууллагад тэнцэхгүй гэж үзнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн магадгүй хамгийн том дуулиан болох Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд зээл авсан асуудалд Н.Амарзаяа гишүүн холбогдоогүй. УИХ-ын олон гишүүн цоллуулсан энэ сангийн зээлийн дуулианд өртөөгүй өнгөрсөн нь ямар зэргийн нуруутай болохыг нь тодорхойлно. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үед хамгаалж байсан шигээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт мөн л гарын үсгээ зурж явснаас нь харахад үзэл бодлоо өөрчилдөггүй нэгэн бололтой.
УИХ-д эмэгтэй гишүүдийн дуу хоолой хэрэгтэй, хэрэггүй гэсэн янз бүрийн л яриа байдаг. Наад зах нь, эмэгтэйчүүд олны анхаарлыг татаж болно гэж тооцсон сэдэв болгоныг барьж аваад сэвж гүйгээд байдаггүй онцлогтой. Дээр нь нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажилладаг. Н.Амарзаяа гишүүний хувьд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийг ахалж ажиллажээ. Мөн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас эхлээд итгэлийн зээл, бурхан багшийн дүйчин өдөр амрах хуулиудад санаачлагчаар нь оролцож байсан байна.
Л.Энхболд гишүүний хувьд сонгуульд ялж УИХ-д ирээд ихэнх шинэ гишүүдийн адил ахмад “дайчид”-ынхаа үгэнд орсон номхон, ноомой явсангүй. Ж.Эрдэнбатын Засгийн газартай хариуцлага тооцох, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үйлсэд эргэлт буцалтгүй зүтгэсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг шийдэх ажлын хэсэгт ажиллаж, “Монголын зэс” корпорац хэд хэдэн хууль зөрчсөн асуудлаар байр сууриа илэрхийлж байв. Өөрийнхөө зургийг хүмүүст бэлэглэсэн, шонгийн нүхний нээлт хийсэн гэх мэтээр шинэ гишүүдийг бараг бүгдийг нь дайрсан элдэв өөнтөгт ч өртсөн. Улс даяар танил болоогүй байсан ч Өмнөговьдоо бол “хуучин цэрэг”. Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер, МУИС-ийг нягтлан бодогч, эдийн засагч, Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн энэ эрийн намтарт “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулсан, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажилласан, аймгийнхаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож явсан тухай бий. Тэгэхээр шаггүй бэлтгэгдсэн нэгэн байж таарна.
Өнгөрсөн дөрвөн жилд парламентын бусад гишүүдтэй хамтарч цөөнгүй хуулийн төсөл санаачлан ажиллажээ. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Усны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийг нэрлэж болно. АН олонх байсан 2015 онд өргөн баригдаад хэлэлцэгдээгүй Казиногийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Гэхдээ энэ хууль Л.Энхболд гишүүний ширээнд мартагдсан санагдаж байна. Түүнтэй түүнгүй өчнөөн дуулиан улс төрийн амьдралд гарлаа шүү дээ. Тухайлбал, өнөө л Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудал байна. Салбарыг нь хариуцаж явсан сайдыгаа УИХ-аас чөлөөлүүлж, шүүхийн хаалга татуулчихаад байгаа энэ сангаас зээл авсан гэх нэр бүхий гишүүд бий. Түүн дунд Л.Энхболдыг өөрийнхөө хамаарал бүхий компанид зээл авч өгсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Прокуророос бүрэн эрхийг нь татгалзуулж шалгах асуудал оруулж ирэх үед тэрбээр “Би мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад болоогүй. Дуудсан цагт нь очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрийн зүгээс мэдээллүүдийг хангалттай өгсөн. ЖДҮХС-гаас зээл авсан компанийг хэнээс авсан, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь би мэдэхгүй” хэмээн хариулж байсан удаатай. Үүнээс гадна Л.Энхболдтой холбоотой элдэв шар мэдээлэл энд тэндгүй хөвж яваа харагддаг. Магадгүй, хүчтэй, мөнгөтэй өрсөлдөгч өнгөрсөн сонгуульд таарсан, цаашдаа ч хүлээж байгаа болохоор зохион байгуулалттай явуулаад байдаг байх. Аливаа зүйл, ялангуяа улстөрчидтэй холбоотой дуулианы үнэн, мөн гэдэг тухайн цаг үедээ биш хожим хойно тайлагддаг номтой л доо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.