БНСУ-д халдвар нэмж илэрсээр байна
Цар тахлын үед дэлхий дахины нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Мексик, Бразил, Перу, Чили зэрэг улсад халдварын тоо өссөөр байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусний халдвар авсан 7.1 сая гаруй хүний 3.3 сая нь Америкийн бүсэд бүртгэгдсэнийг ДЭМБ онцгойлон анхааруулж байна. АНУ-д хоёр сая гаруй хүн өвчилж, 113 мянга гаруй хүн нас баржээ. Тус улсын Аризона, Калифорни, Флорида муж улсад халдварын тохиолдол өсөж байгаа аж.
Өмнөд Америкийн орнуудаас Бразилд хоногт 32 мянган шинэ тохиолдол, 1272 нас баралт бүртгэгджээ. Тус улсад өссөн дүнгээр нийт батлагдсан халдварын тоо 742 мянга давсан байна. Бразилын Дээд шүүхийн зүгээс ЭМЯ-ыг халдварын нөхцөл байдал, тархалтын талаар олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзсэнээр тус улсад цар тахалтай холбоотой бүх мэдээллийг буцааж дэлгэрэнгүй байдлаар мэдээлэх болжээ.
ОХУ дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдсэн хэвээр байна. Хойд хөршид 485 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 6142 хүн нас баржээ.
Номхон далайн баруун бүсэд Японд дотоодын халдвар нэмж бүртгэгдсэн бол Өмнөд Солонгост 24 цагийн хугацаанд 50 тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ. Инчон болон Кёнги аймаг дахь сүмүүдтэй холбоотой халдварын тоо нэмэгдсэн байна. Сөүлийн шөнийн клубийн голомтот халдвар нийт 277 хүнийг хамарсан бол тус улсын цахим худалдааны төвөөс голомттой халдвар 139, ширээний теннисний клубийн шинэ голомтот халдвар 51 хүнийг хамарчээ.
Тэгвэл БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлснээр хоногт гурван тохиолдол илэрсэн байна. Түүнчлэн урд хөршид шинж тэмдэггүй 150 тохиолдлыг эмнэлгийн ажиглалтад хянаж байна.
Азийн бүсийн орнуудад өвчлөл өндөр байгаа учир ДЭМБ иргэдэд хандан Азийн орнуудад аялахгүй байх зөвлөмж өгчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.