Э.Хархүү: Оюун сэтгэлгээний ядуурал бол эд мөнгөний ядуурлаас аюултай шүү
Амьдралынхаа 30-аад жилийг ардын багшаар титэмлэж, аглагхан өмнийн говьдоо даруухан атлаа асаж дүрэлзэж, яруу найргаар хөглөгдөж яваа хүн бол Ханхонгор сумын унаган хүү Эрэнжидийн Хархүү. Тэрбээр утга зохиолын алтан үеийнхэн дундаа говийн тос даасан ааруул шиг, сэвшээ хонгор салхи шиг уянга утга томсон шүлгээрээ цолгорч “Хайрын дулаан хорвоо”, “Би говийн хүү”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Улаан овооноос эхэлсэн зам” зэрэг шүлэг найраг, өгүүллэг, хөрөг дурсамжийн 40 шахам ном эмхэтгэж өөрийн тод мөрөө тунхаглаж яваа билээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт түүний амь халуун сэтгэлийн эмзэглэл хөндүүр хийгээд агсаран буух онгодын цагаан шувуудыг үе үехэн нисгэж дурсамж, дурдатгал сэрээж, дундуурыг дүүртэл хөөрөлдөв.
-Унасан газар, угаасан ус өмнийн цэнхэр говийнхоо намхан ухаа толгодын урьхан салхийг нэг сэвэлзүүлээч та?
-Ханхонгор сумаас зүүхэн урагш 20 гаруй километр газар Баруун улаан овоо, Зүүн улаан овоо гээд хоёр овоо байдаг юм. Бичин жил буюу 1944 онд Зүүн улаан овоонд унасан хүүхэд юм байжээ. Ээж минь намайг цагаан сарын битүүний урд өдөр төрсөн шүү дээ гэж хэлдэг байсан юм. Сар өдрийг нь хөөгөөд үзсэн чинь хоёрдугаар сарын 14-ний өдөр байж таарсан. Одоогийнхоор бол нөгөө Валентины өдөр нь юм даг уу даа. Ээж аав маань насаараа малчин байсан даа. Сүүлд нэгдлийн мал хариулж ч явлаа.
Тухайн нийгэм, цаг үеийн хүмүүс үүнийг тойроогүй дайрч гарсан байх. Улаан овоо их учиртай бууц. Манай бууцанд 20-иод жил өвөлжсөн миний найз Ч.Жигмиддорж Улсын аварга малчин болсон. Чиний өссөн бууц их өгөөжтэй сайхан газар шүү гэж хэлэхээр нь би цаашлуулаад өдий, төдий жил манай бууцанд амьдарчхаад миний түрээсийг өгөөрэй гэдэг юм /инээв/. Улаан овоо бууцныхаа алтан шороон дээр нь өнхөрч өслөө шүү дээ. Бууцан дээрээ жил бүр очиж хөрвөөдөг юм би. Хувцсаа тайлж байгаад л өнхөрчихнө дөө. Хөлс гоожно, нулимс гоожно. Сонин шүү. Сэтгэлийн мяндсан утас сэмрээд л, ээж минь нүдэнд харагдах шиг, ингэ гунганах шиг, дүүрэн тэргэл сар сүүн гэрлээ халиах шиг ер бусын долгис мэдэрдэг. Нутаг минь намайг шүлэгч болгожээ гэж бодож явдаг юм. Улаан овоон дээрээ очиход бие тэнхрээд, сэтгэл хөнгөрөөд нэг л өөр болчихдог шүү.
-Бага залуу байхдаа л бичсэн шүлэг нь “Хөдөлмөр” сонинд хүртэл нийтлэгдээд догь эр явсан биз?
-Ээ, тэгэлгүй яах вэ. 1963 онд Даланзадгадын 10 жилийг төгссөн. Багшийн дээд сургуулийн Монгол хэлний ангид элсэн орсон доо. Есдүгээр ангидаа доод ангийнхаа охинд хайртай болчихоод захиа бичнэ, захиагаа шүлэглэж бичнэ, хөөе. Анхны хайр нь ч бүтсэнгүй, ямар юмаараа бүтэх вэ дээ. Тэр талаар бичсэн хөөрхөн өгүүллэг бий. “Анхны хайр” гэдэг шүлэг ч бий. Би 1964 онд “Хөдөлмөр” сонины редакц дээр хоёр, гурван шүлэг бариад очсон юм. Т.Юмсүрэн сэтгүүлч авч үлдсэн юм даг. Төдхөн “Хөлс” гэдэг нэртэй шүлэг мань нийтлэгдсэн байсан. Тэр үед чинь тоотой хэдхэн сонин байсан юм чинь додьгор байлгүй яах вэ. Сонин зардаг газраас хэдэн дугаар худалдаж аваад найзууддаа өгөөд л, үерхдэг оюутан охиндоо өгөөд л, ийм л утга зохиолд дуртай, хайртай хүүхэд явлаа даа.
-Монгол хэл, уран зохиолын багшаар олон жил ажиллажээ, хэчнээн шавьтай болсон бэ?
-28 жил багшилсан. 3000-аад шавьтай болжээ. Дундговь аймагт нэг жил багшлаад Өмнөговь аймгийн төвийн сургуульд, Ханбогд, Баяндалай, Цогт-Овоо сумын сургуулиудад багшилжээ. Аймгийн намын хороонд Ханбогд суманд багшилмаар байна гээд орсон чинь сайхан хүлээж авсан. Учир нь тэнд чинь хэрэг төвөг тарьсан ч юм уу, бүтэл муутайхан нөхдийг цөлдөг байсан байхгүй юу. Говийнхоо говь болсон тэр газарт очиж үзье байз гэж бодогдоод байсан юм. Намын дарга нар энэ хүсэлтийг маань сонсоод Хархүү багш та эх оронч санаачилга гаргалаа, маш сайн байна гэж дэмжээд 1987 онд аймгийн төвөөсөө 300 шахам километр газар руу нүүж байлаа шүү дээ. 1990 он хүртэл сумандаа багшилсан. Би ер нь аравдугаар анги төгсгөж үзээгүй, дандаа хичээлийн эрхлэгч хийж, сургуулийн захирал ч болж явлаа. Сүүлд Багахангай дүүрэгт ирж таван жил хичээлийн эрхлэгч хийсэн дээ. “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлгийг самбар дээр бичээд сурагчдаар үг зүйн задлан ялгал хийлгэсэн юм. Гэтэл аймгийн намын хорооны үзэл суртлын дарга хориотой шүлэг хүүхдүүдэд заасан байна гэж дуудаж байсан тийм цаг үе байлаа шүү дээ.
-Төрийн шагналт Д.Төрбат гуай таны тухай маш сайхан дурсамж өгүүлэл бичсэн байсан. Гэнэн балчир хүүхдүүдийг шүлэг зохиолд дурлуулж, гэгээн мөрөөдлийг нь асааж явсан халуун сэтгэлтэй багш явсныг тань олон ч хүмүүс дурсан бичсэн байдаг шүү.
-Дундговьд багшилж байхад Д.Төрбат миний тавдугаар ангийн сурагч байсан. Саяхан гавьяат болдог С.Пүрэвсүрэн миний шавь байлаа. Болор цомын эзэн Ц.Чимэддорж байна. Өмнөговиос Зохиолчдын эвлэлийн шагналт Д.Бямбацэнд, Ү.Батням, Ц.Төртайван гээд үзэг цаас нийлүүлэх бичиг номын замд шуударсан олон шавь бий. Боловсролын салбарт хагас жарныг зориулж, хүний олон үрсийн оюуныг гэгээрүүлж явсных Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгасан даа. Цогт-Овоо суманд хичээлийн эрхлэгч хийж байхад манай аймагт Монголын утга зохиолын 10 хоног боллоо. Аймгийн төвд мотоциклтой давхиад очлоо. Д.Пүрэвдорж, С.Удвал ахайтан, С.Дашдооров тэргүүтэй зохиолчид ирсэн байна. Хонгорын элс, Ёлын амаар аялаад л тэдний шүлэг найргаас нь сонороо мялааж, амандаа хүлхэж явдаг “Сэгс цагаан богд” найраглалыг зохиолчоор нь уншуулсан шигээ л явлаа даа. Олон сайхан зохиолчид Өмнөговийг зорин ирэхээрээ Хархүүгийнхээр заавал буугаад мордоно, шүлэг найргаа уншина, хонон өнжиж, дуулж наргина. Утга зохиолын ноён оргил болсон Д.Пүрэвдорж, П.Пүрэвсүрэн, С.Пүрэв, Д.Цоодол тэргүүтэй олон сайхан зохиолчид нутгаар минь очиж л байсан. Шөнөжин утга, уран зохиолын тухай яриад, шүлэг уншина даа. Мандахбаяр жаахан байсан. Хажууд ирээд бидний яриаг чагнаад л суучихна. Миний хүү шүлэг бичдэг байсан юм. Ном гарах дайны юм бий байх. Сүүлдээ ч би дийлэхгүй нь, болилоо, аав аа гэсэн /инээв/. Ичдэг юм уу яадаг юм, надад үзүүлдэггүй юм аа. Харин зээ охин Б.Нандинцэцэг “Ертөнц” гэдэг эссэ, шүлгийн хөөрхөн ном гаргасан шүү. Дотоод өгөгдөл нь байгаа бол гараад л ирнэ.
-Багшийн ажлаасаа сэтгүүл зүйн салбар руу ороход ямар байсан бэ?
-Би чинь хотод шилжиж ирээд “Улаанбаатар”, “Өдрийн сонин”, “Монголын мэдээ” сонинд ажиллаж байгаад хүүгийнхээ “Зиндаа” сонин, “Хийморь” сэтгүүлд уран сайхны редактораар ажиллаж байсан. Одоо ч “Зиндаа” сэтгүүлийнхээ зөвлөх, редактораар ажиллаж байна. “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Ц.Оюунчимэг сэтгүүлийн энэ жилийн шилдэг редактораар шалгарлаа. “Өглөөний сонин” ч маш сайн чадварлаг сэтгүүлчидтэй. Сэтгүүл зүйн салбар гэдэг нийгмийн түүчээ, үнэний дуу хоолой болсон ард түмнийхээ өмнө манлайлж явах учиртай. Тиймээс энэ салбарт сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс л тэнцдэг. Ашиг хонжоо хайсан, хүний ул шагайсан, хүн гүжирдсэн, шар бор мэдээний араас хөөцөлдсөн хүнийг сэтгүүлч гэхгүй. Сайхан сэтгүүлчид олон гарч байгаад баяртай байдаг. “Зиндаа” сэтгүүлийн хувьд үүсгэн байгуулагдаад гурван жил болж байна. Хоёр сард нэг дугаар, жилд зургаан дугаар гардаг том сэтгүүл. Сэтгүүлийн бүх л материал миний гараар орно, хянана, засна. “Зиндаа” сэтгүүлийн онцлог гэвэл оюун санааны хувьд дээгүүр түвшний мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүсийн сонгож авч уншдаг сэтгүүл. 30 гаруй төрлийн нийтлэл, ярилцлага ордог ямар ч салбарын хүн аваад уншихад сонирхолтой, чансаатай нийтлэл ордог гэдгээрээ бусдаас ялгардаг.
-Та өнгөрсөн он жилүүдэд шүлэг, өгүүлэл, хөрөг, дурсамж, танин мэдэхүйн нийтлэлийн 40 шахам ном бичиж, редакторлажээ. Тантай шадарлаж, үзгийг тань хурцалж, билгийг тань мэлмийг нээж явсан бичгийн мэргэдээ хүндэтгэн дурсана уу?
-Хамгийн эхэнд Д.Пүрэвдорж багшийгаа дурсмаар байна. Багшлаад удаагүй байхад манай нутагт гурав дөрвөн зохиолч ирсэн юм. Би ч анхныхаа шүлгийг үзүүлэхэд “Чи бичээд байх бололцоотой хүүхэд байна, номыг чинь ариутган шүүж өгнө” гэж намайг сүрхий тоосон байхгүй юу. Ийнхүү “Амгалан цэнхэр тал”, “Миний сайхан хөдөө” номуудыг маань редакторлаж өгснөөр утга зохиолын ертөнцөд өөрийнхөө дотоод ертөнцийг өргөн олондоо дэлгэсэн дээ. Тэр цагаас хойш Д.Нямаа, М.Очирхүү, П.Пүрэвсүрэн гээд олон сайхан зохиолчид миний шүлгэн хүлгийн явдал мөрийг засаж, ташуур өргөсөн дөө. Багш маань шүлгийг нэг бүрчлэн засаад, шүүмжлээд байхгүй, ерөнхийд нь хараад л, сүрхий цэцэн бичиж байна шүү чи гэж дуугарч байсныг нь би шүүмжлэл гэж боддог юм. “Би адуучин хүн” гэдэг шүлгээ уншихад Б.Явуухулан “Чиний шүлэг сайхан болж. Гэхдээ дэндүү гялгар болжээ. Хээнцэр, чамин үгнээс чинь болоод утга санаа нь сарниж, бүрхэг болох гээд байна шүү” гэж хэлсэн. Би 1977 онд Зохиолчдын эвлэлд элсэх гээд нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орлоо. Ч.Чимэд, Д.Цэдэв, С.Эрдэнэ гуай гээд агуу томчуудын өмнө сүрдээд, хөлс гараад л сандарч байна шүү. Миний хэдэн номыг дамжуулж үзээд, гишүүнээр элсүүлсэн. Надтай зэрэг Сэлэнгийн Ч.Лувсанжав, Булганы Б.Сосорбарам хоёр элссэн юм даг. Ч.Чимэд гуай намайг гадаад хэл хэр оролдож байна гэж асуухаар нь орос хэл л гадарлана даа гэв. "Агуу С.Пушкин франц хэлэнд ус цас байсан. Гадаад хэл үзэх хэрэгтэй шүү Хархүү минь" гэж лүндэн буулгалаа. Сүүлд нь хоёр, гурван жилийн дараа таваргаж явтал гудамжинд таартал орос хэл хэр зэрэг сурч байна даа гэж байна. Овоо сурч байгаа л гэсэн. Үндсэндээ худлаа тууж байхгүй юу. Багшийн дээд сургууль төгсөхдөө Ч.Чимид гуайн хавар, намар романыг орос, монгол хэлээр тулгаад хоёр ч удаа уншчихсан байгаа юм. Хөдөө ажиллаад оросоор ярих ч хүн олдохгүй мартагнасан. Хичээлийн консфект төлөвлөгөө гэсээр байгаад таарч байгаа юм чинь. С.Пүрэв Монголын радиод ажиллаж байх үедээ хувьсгалын 50 жилийн ойгоор радио нэвтрүүлэг хийнэ гээд л анх бид хоёр танилцаж байлаа. Тэр цагаас хойш 46 жил үерхсэн дээ. утга зохиолын уулзалтаар хамтдаа олон ч аймгаар галигуулсан даа. Төрийн шагналт П.Пүрэвсүрэн яндашгүй утгын сангаараа оюуныг минь мялаасан. Ингээд бодохоор олон сайхан мэргэдийг түшиж явжээ.
-Залуу цагийн ааг омгоор ид шатаж явах үед цээжинд дүрэлзэж, өөрийгөө өрдөж явсан ямар шүлэг байсан бэ?
-Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”-ыг тунхаглан зарлаж, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгээр омогшиж, “Сохор зоосны дууль”-иар үнэнийг эрж залуу, халуун насандаа бадарч явлаа даа. Наймдугаар ангийн сурагч номын сангаасаа зохиолчдын номыг нь аваад дотуур байрныхаа умгар өрөөнд сурагч дэвтэр дээрээ бүх шүлгийг нь хуулж бичээд цээжилдэг байлаа. Одоогийн хүүхдүүд ном уншихаа больжээ. Гар утас, зурагт хоёроос салахаа байжээ.
-Таны тухай дурдатгалд зохиолчид Хархүү маш цэмбэгэр, ганган залуу байсан гэж бичсэн байдаг шүү? Таны шүлгийг хүүхдүүд цээжилчихсэн энд тэнд их уншина биз?
-Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв намайг ганган л амьтан байна гэж бичсэн байна лээ, золиг. Даанч эрт явчихлаа даа /санаа алдав/. Хэнтий аймагт явж байхад танихгүй залуу “Тос даасан монгол айл” шүлгийг бүтнээр нь уншиж байх, Говь талын алс сумдын сурагчид “Би говийн хүү” шүлгийг хоороороо уншиж л байх, “Анхны хайр” шүлгийг дуу болгочихсон дуулж л байх. Энэ л үед шагнал авсны дайтай л баярладаг. Уран бүтээлч хүний хамгийн аз жаргалтай мөч юм шүү.
-Шагнал гэснээс олон л уралдаан наадам болдог. Зарим нь ч уралдана, зарим нь ч уралцана. Юм юм л болно. Тэр бүхний хаагуур нь туучив даа?
-За даа, гавьсан ч юм байхгүй ээ. Д.Пүрэвдорж агсны үүсгэн байгуулсан анхны “Болор цом” наадмын өмнөхөн би санаанд ч үгүй хөдөөнөөс ирчихсэн, зохиолчдын хороогоор орчихгүй юу. Багш маань 21 хүний тоонд чамайг орууллаа шүү гэсэн. Би ч “Чулуун сарнай”, “Тос даасан монгол айл” шүлгээ уншиж сүүлийн даваанд тунаад энх тайвны уриатай шүлэг уншаад айргийн тавд үлдсэн. “Болор цом”-д 1989, 1990 онд нэг ороод мань мэт ч явахгүй юм байна, больё больё гээд больсон доо /инээв/. Наадам цэнгээн ч яах вэ, хойшид үлдэх юмаа л хийгээд үлдээчих хэрэгтэй. Цаг хугацаа л бүхнийг шүүнэ. Сүүлийн үед өгүүллэг л бичиж байна даа. 108 шүлэгтэй найман мөрт шүлгийн ном гаргахаар бэлэн болсон. “Наран гэрэлтэж, саран тэргэлтэхүй” гэдэг нэртэй шүлгийн ном цагаан сарын дараа гаргана даа.
-Хүн эхээс хүйн холбоотой гэдэг ч нутаг уснаасаа хүйн холбоотой шүү дээ. Гэтэл эх болсон байгаль эхийнхээ энгэр цээжийг сэндийчиж, ус ундаргыг нь шавхаж эрээ цээргүй авирлагсад хэмжээгээ алдлаа. Нутгийн ард түмэн болон эх оронч олон хүмүүс Тост, Тосон бумба гэж их л ярьж, тэмцэж байна даа?
-Монголын уул уурхайн 80 хувь нь Өмнөговь аймагт бий. Би Таван толгойн талаар морьтой хатируулж эсэргэн залуу насаа өнгөрүүлж явлаа, Тост тосон бумбын нуруугаар ирвэс шилүүс шиг дүүлж идэр залуу насаа элээж явлаа. Тост, Тосон бумбын нурууны Хуршуут, Хөвдийн гол бол Гурвантэс сумын тариалангийн гол нутаг. Тэндээс улсын аварга тариаланч Нэргүй гэдэг хүн гарсан. Ан амьтан дайжиж, үхэж үрэгдэх аюул нүүрлээд байна. Айл хотол ч бэлчээр нутаг, уух усгүй болж нүүж байна. Монголын говийг цөлжүүлж, ус ундаргыг нь ширгээж дууслаа. Нутгийг минь танигдахын аргагүй болтол сүйтгэчихсэнийг хараад сэтгэл өмөрч, нулимс бөмбөрөөд хэцүү байна. Хаа сайгүй л уул уурхай цэцэглэчихсэн. Энэ дарга дээдэс чинь яасан шунал нь барагддаггүй улс байдаг юм. Эх орноо сэглэж, онгичиж амьдрал үгүй болгож байна. Ингэ ботголж, гүү унагалдаг, өвөг дээдсийн минь уул, усаа дээдэлж залбирдаг, хулан ,хавтгай, хар сүүлт, цоохор ирвэс, аргаль, янгир гээд дархан цаазат ховор ан амьтны өлгий нутаг. Их бууны шарх шиг том, том цүнхээлд улаан ус эргээд л, газар эх минь цусаар уйлж байна. Шаргын говь, Хүрэн хана, Шар хана, Ноён Сэврэйгийн уулс, Хөгшөө, Шугшаагийн уулс, үлэг гүрвэлийн өлгий нутаг Алган улаан цав, Хэрмэн цав, Зулганайн гол, Ингэн сэмстэйн говь, Гурван тэгшийн голыг минь сүйтгэсэн дээ /хоолой нь зангирав/. Саяхан “Байгаль эх – Хариуцлагатай уул уурхай” их чуулган төрийн ордонд болж, 12 зүйлийн заалт гаргасан байна лээ. Тэр хууль дүрмийг ёсчлон биелүүлбэл нутаг минь сэргэж сэхээд сүйд болохгүй ч гэсэн дордохгүй л болов уу. Мандахбаяр хариуцлагагүй уул уурхайн эсрэг тэмцэж маш олон хүнийг эгнээндээ нэгтгэж, 21 аймгаар явж, Өмнөговийн бүх сумаар явлаа. Энэ бол Монголын түүхэнд гараагүй том үзэгдэл, түүхэн гавьяа юм шүү. Хойч үеийнхэн үүнийг талархан дурсана гэж бодож байна.
-Тэр л эрдэнэс нуусан баялаг хөндийдөө эрдэнийн чулуудаар нь наадаж өссөн болохоор элэг эмтрэлгүй ч яах билээ?
-Гурван газар миний чулуун тоглоом байдаг юм. Хацрын хэцэд Бужгар гэдэг газар бий. Улаан овооны бууцанд бий, Сайншандны зүүн дэрсний хойхон талын жаалхан довцог бий. Хэдэн цагаан, бүгээн, хүрэн, улаан чулууд бий. Элсэнд дарагдчихсан байдаг юм хөөрхий минь. Гэрээ дугуйлаад, тэмээ, ямаа үхэр, адуун сүргээ хотлуулахыг нь хотлуулаад, бэлчээхийг нь бэлчээгээд өрчихдөг юм. Хачин гоё чулуудтай. Бага нас, нутаг, ээж гурваа бодохоор уйлах ч энүүхэнд дээ. Хүн гэдэг уяхан ч амьтан юм даг уу даа. Ер нь манай говийнхон тал нутаг шигээ талибуун, тогтуухан, атаа жөтөө, шунал заль байдаггүй цайлган цагаан сэтгэлтэй, хэр баргийн юманд түрүүлж хөдөлдөгггүй тайван хүмүүс дээ. Нутаг усыг нь хайр найргүй сэндийлэхэд бол уурсаж, босно шүү харин.
-Нэгэнт цаг үетэй холбоотой сэдэв рүү орсных та нийгмийн амьдралд сэтгэл хэр хангалуун явдаг вэ?
-Нийгмийн амьдралд би тун сэтгэл дундуур явдаг. Төрийн тогтворгүй, шийдэмгий бус байдал, нам намаараа талцах үзэгдэл, албан тушаалын хэнээрхэл, аван идэхийн шунал хэмжээгээ алдлаа. Энэ бол гамшиг, гутамшиг. Одоо сонгууль болохоор яах бол доо гэж бодохоор л гол харламаар. Монгол Улсад дээшээ өндөрсөж байгаа барилга байшинг нь харвал хөгжөөд байгаа мэт боловч доошоо намсаж буй оюун санааг нь бодохоор уруудаж доройтож байна. Дарга даамал нар нь өөрсдөө цулайтал баяжчихаад л, гүзээндээ хөлөө жийлцээд байх хооронд ард түмний амьдрал туйлдаа хүрлээ. Хүнд ичих нүүр, ёс суртахуун, хүнлэг чанар гэж байх ёстой доо. Ард түмнээсээ ичиж, зовох хэрэгтэй.
-Та бид хоёрын яриа улс төр руу хазайх нь. Ахмад хүний хувьд хэлэх л ёстой үг. Уран бүтээл рүүгээ эргээд оръё. Сүүлийн үед утга зохиолын олон төрлийн урсгал чиглэл хүч түрэн орж ирж байна. Энэ талаар таны бодол?
-Монголын яруу найраг уламжлалаа хайхрахаа больжээ. Бичгийн суут Инжинаш, Д.Равжаагаас эхлээд Их Д.Нацагдорж, Д.Пүрэвдорж хүртэл уламжлалаа яс барьж байжээ. Уламжлалт сэтгэлгээ, язгуурын монгол үг хоёрыг хослуулж байж уран зохиол өдий зэрэгтэй хүрсэн юм шүү дээ. Сүүлийн үед бичээд буй модернизм руу хэт туйлшраад байвал буруу зам руу будаа тээнэ. Уламжлалт яруу найраг уствал эх хэл үгүй болно. Эх хэл үгүй болбол үндэстэн мөхнө. Уран зохиолын шүүмж дутагдаад байна. 19 дүгээр зууны оросын уран зохиолд В.Г.Белинский, Ф.М.Достоевский зэрэг том, том шүүмжлэгчид байсан учраас өндөр хэмжээнд хөгжсөн. Н.В.Гоголь, Лев Толстой, А.С.Пушкин нар яагаад төрсөн бэ гэхээр тэдгээр шүүмжлэгчид засаж, чиглүүлж, ирлэж, өнгөлж өгч байсны буян. Манайханд ч 60,70-аад онд шүүмж, судлалын зөвлөлтэй байсан. Ц.Мөнхөө, Д.Цэнд, Жамсранжав гээд сүрхий судлаач, шүүмжлэгчид төрсөн юм шүү. Одоо ч ховорджээ. Байгаа хэд нь зоригтой дуугарахгүй байна.
-Монгол хүний хувьд, монгол хэл, уран зохиолын багш хүний хувьд, бичиг номтой шадарладаг хүний хувьд монгол хэлний гажуудал, залуусын эрлийз хэлээр халь мульт яриад байгаа нийтлэг үзэгдлийг юу гэж боддог вэ?
-Монголоор зөв сайхан ярьдаг хүн цөөрч байна. Ялангуяа их хурлын гишүүд бантагнуулж байна. Жишээ нь, “би тэгж харж байна, миний бие, миний бодлоор бол, байр сууриа илэрхийлмээр байна” гэхчлэн нэг л их хэлбэрдсэн хүмүүс. За сэтгүүлчид, ялангуяа телевиз, радиогийн салбарын сэтгүүлчид “тэгсэн байгаа, тэгсэн байдаг, нэлээдгүй, төсөв суутгагдсан” гэж маяглаж, загвардсан хүмүүс олон байна аа. Өгүүлбэрээ ч бүтэн хэлэхгүй бусдаар үйлдүүлэх хэвийн нөхцөлийг гамгүй хэрэглэх юм. Тун ядмагхан ийм яриаг сонсохоор уур хүрээд л явчихдаг юм. Бараг бүтэн цагийн ярианы талд нь гадаад үг оруулчихаар ойлгохгүй юм байна шүү дээ. Энэ нь ном уншихгүй байгаатай шууд холбоотой. Оюун сэтгэлгээний ядуурал бол эд мөнгөний ядуурлаас аюултай шүү.
-Монголчууд нүүдэлчин ахуйгаасаа хөндийрч суурин иргэншил рүү шилжиж буй энэ эрин үед монгол хүний сэтгэлгээний онцлог болоод утга зохиолд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Нүүдэлчний реализм буюу язгуурын сэтгэлгээ гэдэг маш том философи. Хэдэн мянганы өмнөөс идээшин дасаж, гендээ бат суучихсан холч сэтгэлгээ, дотогшоо байдал, харцаараа ойлголцдог чанар, нэг үгэнд ертөнцийн ухааныг багтааж хэлдэг ухаан бол монгол сэтгэлгээ юм. Бидний багад хэлэлцэх нь хүртэл яруу найраг шиг цээжний эрдэмтэй өвгөд, эмгэд олон байлаа. Монгол хэл өөрөө ямар тансаг, баян, яндашгүй арвин билээ дээ. Д.Пүрэвдорж багшийн “Хүрэн шандан тэрлэгийн суман хормой шүргүүлж” /”Сумын наадам”/ гэдэг үгийг бод л доо. Ямар яруу, тансаг хэлээ вэ. Одоогийн хүүхдүүд хүрэн шандан тэрлэг гэж мэдэхгүй, суман хормой гэвэл бүр ч мэдэхгүй дээ. Нүүдэлчин ард түмэн “Юу байна, Юм гүй” гэж мэндэлж байгаагүй. “Мэнд үү?, Амар сайхан уу?, Мэнд амар уу?, Та сайхан өвөлжиж байна уу?” гэж мэндэлдэг. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Бидний өвгөчүүл нэг их олон үг нурших ч үгүй дээ. Ой руу ортол ганц л үг хэлнэ. Насан туршид тэр үг нь мартагдахгүй гээч. Ийм ухаарлын үг сонссон хүн муу явдаггүй. Монголын эртний уран зохиол, аман зохиол, үлгэр домгоо манайхан уншихгүй байна. “Монголын нууц товчоон”-гоо уншихгүйгээр уран зохиолын зах руу орно гэдэг хүнд л байх даа. “Гэсэр”, “Жангар”-ын туйл ямар баялаг, сайхан үгтэй гэж санана. Ардын билэг оюун гэдэг өв, соёлдоо шингэсэн байдаг. С.Дашдооровын “Говийн өндөр” зохиолд монгол хүний сэтгэлгээг маш нарийн харуулсан маш олон хэсэг байдаг. Түүгээр эрдмийн зэрэг ч хамгаалж болмоор. П,Лувсанцэрэнгийн өгүүллэг, С.Пүрэв, С.Лочингийн тууж, Б.Догмидын “Туулайн тал” номоос одоо үед дутагдаад байгаа тос даасан монгол чанар, монгол нүнжиг амтагддаг. “Нүд халирах”, “нүд тайлах” гэдэг үгийн утгыг ухаж ойлгохгүй эрин үе өсөж байна шүү дээ.
-Бидний үеийнхэн нүүдэлчин амьдрал, мал аж ахуйн зах зухаас мэдрээд өссөн нь их азтай юм. Гэтэл бидний хүүхдүүд энэ ахуйг төсөөлөх ч үгүй ч өсөж байгаа нь тун эмгэнэлтэй еэ?
-Асар эмгэнэлтэй. Болдог сон бол хүүхдүүдээ амралтаар нь мал дээр л гаргамаар байгаа юм. Морь мал унаж эр бяр сууг, хонь хургатай хөөцөлдөж хөл гар чангараг, үхэр, хонио ялгаж таньдаг болог, малын гэдэс гүзээ арчиж арилгаад сураг. Ээж минь зуны халуунд хөлсөө урсгачихсан л тогоо, эргэнэг хоёрын хооронд бөртөгнөөд л будаатай цай бувгануулж л байдаг, аргал хорголоо түлж л байдагсан. Ийм л монгол ахуйд өссөн болохоор өөрийгөө шүлэгч болсон гэж боддог. Сүүлийн үед залуус малгайн тоос үргээх морь мал уяж, тогоо тослох мал хуйтай болохыг эрмэлздэг болсон нь үнэт өв, уламжлалаа үгүйлэн сэргээж буй зөв нүүдэл. Техник, технологи хөгжсөн эрин үед хүмүүс унаган төрөлх ахуй, зэрлэг дагшин байгаль, уугуул язгуур ёс ямар их үнэ цэнтэйг ухаарч эхэлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.