БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд

2020.02.08-ны 09.00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүн нийт 24 болж өсөөд байна. Үүнээс 23 дах тохиолдол нь Сөүл хотын захиргааны байрны дэргэдэх “Президент” зочид буудал, “Лоттэ” их дэлгүүр, Мапу дүүргийн “Е-март” зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудаад зорчсон байна.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү зэрэг хотууд болон Инчон ОУНБ-аас илэрсэн. Өвчин ахуйн замаар хүнээс хүнд халдварлаж байгаа тул цаашид нэмэгдэх хандлагатай байна. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, чухал шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газруудаар явахаас зайлсхийнэ үү.

– Гараа сайтар савандаж, тогтмол угаах

– Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

– Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх

– Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх

– Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

– Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

– Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв Танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол зөвлөх хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандана уу. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.

Эх сурвалж: mongolembassy.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.