БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны мэдэгдэл
БНСУ-ын Виз Мэдүүлэх Төвийг туршилтаар нээх тухай мэдэгдэл
2020 оны 2 сарын 20-ноос эхлэн БНСУ-руу зорчих Монгол улсын иргэдийн виз мэдүүлгийн явцыг сайжруулах, визний шийдвэр гарах хугацааг богиносгох зорилгоор БНСУ-ын Хууль зүйн яам болон Улаанбаатар хот дахь БНСУ-ын Элчин сайдын яам нь НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай хамтран Солонгосын виз мэдүүлэх төвийг байгуулж байгааг мэдэгдэхэд таатай байна.
ОУШХБ-ын Солонгосын виз мэдүүлэх төв нь БНСУ-ын ЭСЯ-ыг төлөөлөн дараах ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ. Үүнд:
- Мэдээлэл өгөх үйлчилгээ: Цахим хуудас, лавлах төв, цахим шуудан болон биечлэн ирж мэдээлэл авах гэх мэт
- Бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг шалгах: БНСУ-ын ЭСЯ болон Хууль зүйн яамнаас гаргасан Виза Файндер болон бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтын дагуу
- Мэдээллийг санд оруулах: Хувийн болон аялал жуулчлалтай холбоотой мэдээллийг аюулгүй бөгөөд нууцлалтайгаар Солонгосын визний портал (Korea Visa Portal)-д оруулах
- Бичиг баримтыг баталгаажуулах: Визтэй холбоотой нэмэлт бичиг баримтуудын үнэн зөвийг баталгаажуулах
- Паспортын хүргэлт болон буцаан олголт: Паспорт болон визтэй холбоотой нэмэлт бичиг баримтад логистикийн дэмжлэг үзүүлэх
- Визний хураамжийн зохицуулалт: Виз мэдүүлэгчээс шаардлагатай бүх хураамжийг цуглуулж, БНСУ-ын ЭСЯ-руу шилжүүлэх
Дээр дурдсан үйлчилгээний хураамж болох хүн бүрийн 55,000 төгрөгийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас тогтоосон болно.
Бүх виз мэдүүлэгч дараах данс руу үйлчилгээний хураамжийг шилжүүлэх шаардлагатай.
Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны нэр: INTERNATIONAL ORGANIZATION FOR MIGRATION COUNTRY OFFICE IN MONGOLIA
Дансны дугаар: 404202900
Гүйлгээний утга дээр овог нэр, гадаад паспортын дугаар болон “KVAC Service Fee” гэсэн тэмдэглэгээг заавал дурдах шаардлагатай.
Дээрх тэмдэглэгээг гүйлгээний утга дээр оруулаагүй тохиолдолд ямар ч банкны төлбөрийн баримтыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
Виз мэдүүлэгчид БНСУ-ын ЭСЯ-наас итгэмжлэгдсэн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад гадаад паспорт болон нэмэлт бичиг баримт өгөхдөө төлбөрийн баримтыг эх хувиар болон хуулбарын хамт авч ирнэ.
Дээр дурдсан шаардлагуудыг хангаагүй тохиолдолд визний мэдүүлгийг хүлээж авахгүй.
Эх сурвалж: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.