Ерөнхий сайдаас Дарханы зам хэзээ ашиглалтад орохыг асуув

Ерөнхий сайдаас Дарханы зам хэзээ ашиглалтад орохыг асуув

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Уг засварын ажил төлөвлөгөөгөөр 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл зам ашиглалтад ороогүй байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь эдийн засаг , худалдааны онцгой ач холбогдолтойгоос гадна иргэдийн амьдрал тэр дундаа Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг билээ.

Гэвч зам өргөтгөх, шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь дээр дурдсан аймгуудын иргэдийн бухимдлыг төрүүлж, замын асуудалтай холбоотойгоор олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох, тухайн бүс нутагт тоосноос үүдэлтэй байгаль орчны бохирдол үүсэх зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ. Тодруулбал,  “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Танд хандан тавьж байна. Үүнд:

1.    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөх, шинэчлэх ажил яг хэзээ дуусах талаар,

2.    Зам барих ажлын санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй тайлбар,

3.    Зам барих ажлыг ямар аж ахуй нэгжүүд гүйцэтгэж байгаа болон тус аж ахуйн нэгжүүдийн нөөц, хүчин чадлын талаар,

4.    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр барихаар шийдвэрлэсэн. Уг ажил хэзээнээс эхлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ үү.

Энэхүү асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Танаас хүсье” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.