Утаа нэрээр мөнгө завшигчид хаа явна

Утаа нэрээр мөнгө завшигчид хаа явна

Сүүлийн олон жил утааны эсрэг тэмцэл өрнүүлсэн ч үр дүнд хүрсэн нь үгүй. Утаа, агаарын бохирдол нэрээр асар их мөнгө цацсан. Харин өнгөрөгч намраас Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглох тушаал гарч, улмаар шахмал түлшний үйлдвэр байгуулснаар 2020 оны босгыг утаа буурсан үзүүлэлттэй давж байна. Мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа дүгнэлтээс харвал утаа 36 хувь буурсан гэнэ. Ямартай ч утаа буурсан үзүүлэлт байгаа учраас дараа дараагийн арга хэмжээг зоригтойхон авахад утаа дахин буурах магадлал бий. Тэгэхээр утаа нэрээр асар их мөнгө завшсан нөхцөл байдлыг шүүн тунгаах цаг нь болсон. Утаа бууруулах, орчны бохирдлыг арилгах зорилгоор “Цэвэр агаар” сан байгуулж, таван жил үйл ажиллагаа явуулахад хэдэн зуун тэрбумаар тоологдох мөнгийг зөвхөн сурталчилгаа, сургалт, судалгаа, хурал зөвлөгөөн хийх нэрээр завшчихсан байдаг. Энэ бүгдийн хариултыг иргэд олон нийт хүлээсээр байгаа. Нэхсээр байгаа учраас сануулж байгаа хэрэг.

Энэ тухай олон зүйл нуршилгүй баримт дэлгэх нь зүйд нийцнэ. Тухайлбал, Ногоон эдийн засаг гэх ном хэвлүүлэхэд 24 сая 658 мянган төгрөг, Автомашин хийгээр цэнэглэх станц байгуулахад нэг тэрбум 890 сая төгрөг, утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа хийхэд 143 сая төгрөг гэх мэтээр мөнгө цацаж байв. Мөнхүү бүсийн сургалт нэрээр 36  сая, аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэхэд 706 сая, агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж худалдан борлуулдаг Аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох нэрээр 197 сая 470 мянган төгрөг, агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогод 341 сая 180 мянган төгрөг гэх мэт суртал сурталчилгаа, ухуулгын чиглэлд асар их мөнгө зарсан байдаг. Түүнээс бус энэ байгууллага агаарын бохирдол бууруулах ямар ч бодит ажил хийгээгүй юм.  Зөвхөн 2011-2015 онд нийт 74.6 тэрбум төгрөгийг суртал сурталчилгаа, мониртинг хурал зөвлөгөөн гэсэн зүйлд зарцуулсан юм.

Энэ салбараар дамжиж гарсан ихээхэн хэмжээний хөрөнгийн эх үүсвэр, зарцуулсан тайланг иргэд олон нийт нэхсээр байгаа. Тиймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр улсын төсөвт хөрөнгө суулгадаг боловч зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа талаар иргэд, байгууллагаас өргөдөл, хүсэлт ирүүлсээр байна.

Энд нэг зүйл тодруулахад, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-аас батлаагүй, түүнчлэн Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн төсвийн хяналтын сонсгол нь Нийтийн сонсголын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтын дагуу Засгийн газраас явуулах нийтийн сонсголын асуудалд хамаарч байгааг эрх мэдэлтнүүд дуулгаж байсан. Тэгвэл нэгэн баримт байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан байдаг. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газраас тус тус ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дуулгасан ч тодорхой ажил хэрэг болсонгүй. Дөрвөн жилийн хугацаанд зөвхөн зар сурталчилгаанд 147 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн гэх мэдээлэл байгаа. Энэ бол албан баримт. Мөнхүү  суртал сурталчилгаанаас гадна зуух, гэрийн бүрээс, автобусны хосолмол хөдөлгүүр зэрэгт зарцуулсан гэх 150 гаруй тэрбум төгрөг бий. Гэтэл өнөөдөр бодит үр дүнд хүрээгүй гэдгийг бүх зүйлээс харж болно. Хамгийн захын жишээ гэхэд “Цэвэр агаар сан” нэг жилийн дотоод зардалд 933 сая төгрөг зарцуулсан байна. Хэвлэл мэдээлэл зар сурталчилгаанаас гадна 327 сая төгрөгөөр цахим хуудас нээсэн гэдэг. Түүнчлэн сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг зөвхөн вэб сайтуудад шилжүүлсэн зэрэг баримтууд ч өөрийн эрхгүй анхаарал татна. Тэгэхээр энд олон зүйлийг үл нуршин тодорхой баримтуудыг дэлгэх нь зөв байх. Одоогоор иргэд олон нийт энэ олон тэрбум төгрөгийг хааш нь юунд зарцуулсныг нэхэн шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.