Цагдаагийн газраас Ч.Сайханбилэгийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Түүнийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан юм. Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргаад байсан юм. Энэ шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Улмаар хуулийн байгууллагынхан түүний байршлыг тогтоогоод байгаа ба түүнийг албадан ирүүлэх хугацаа заажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон байжээ. Ийнхүү түүний байршил тогтоогдсон учир тухайн улсад Ч.Сайханбилэгийг баривчлах санал гаргасан ч тэрбээр энэ сарын 21-ний дотор багтаж Монгол Улсад очно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох
хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавтаст хэргийг
прокурор хянаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.