Хаа сайгүй хаан суудлын төлөөх тулаан
Нүүдэлчдийн цусанд амь бөхтэй оршиж буй зүйл бол ганцаарчилсан тоглолт, амин хувиа хичээсэн нэг тийм хандлага гэдгийг үндэстэн өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Арга ч үгүй. Олон зуун жилийн өмнөөс мал сүргээ дангаараа адуулж, хэний ч оролцоогүй бор гэрээ босгож, хэний ч оролцоогүй өвс хадлангаа бэлтгэж, аль нэг хүний царай харалгүй идэш уушаа базааж гээд тэдэнд багаар ажиллах ямар ч нөхцөл бүрдэж байсан түүх байгаагүй нь цагаатгах шалтгаан мөн. Тиймээс өөрөө өөртөө, гэр бүл, ах дүү, амраг садан, айл саахалтын хүрээнд өөрийгөө “Хаан” чинээ ойлгуулж ирсэн уламжлалтай. Үүндээ ч өөрсдөө итгэж ирсэн.
Гэхдээ Их Монгол Улсын төлөө амь сэтгэлээ нэгтгэж явсан олон зууны түүхийг үгүйсгэх гэсэнгүй. Энд чухам юу нэгтгэж байв гэхээр зөвхөн энэ улс орон, газар нутгийн төлөөх тэмцэл л нэгтгэж байсан учраас дэлхийн дайдад хүрсэн түүхтэй гэхэд хатуудсан болохгүй биз ээ. Одоогийн хэллэгээр бол жинхэнэ эх оронч үзэл санаан дор нэгдэж байсан түүхтэйг мартаж хэрхэвч болохгүй. Гэхдээ л эрх мэдлийн төлөөх тулаан, энэ Монгол Улсыг захирах хүсэлтэй тэмцэл бүх л хаадын үед өрнөж байсныг түүхээс бид мэднэ. Эртний үнэт сурвалж бичиг “Монголын нууц товчоо”-ноо Эзэн Чингис хаан Жамух хоёрын тэмцлийн талаар тодорхой өгүүлсэн нь үүний нэгэн том жишээ юм. Ах дүү Тэмүүжин, Хасар хоёрын тэмцэл ч үүнийг давхар бататгана.
Эртнээсээ бидний тоглоом наадгайд ч багийн гэх зүйл байсангүй. Бөх барилдана, нэг нь түрүүлж нэг нь үзүүрлэнэ. Энд хэн нэгний дэмжлэг авах шаардлага байхгүй, ямар “Начны найраа” байсан биш. Гагцхүү бяртай иртэй, уртай байхад болно. Хурдан морины уралдаан ч адилхан. Адуу хурдан байгаад өөрөө уяанд эрдэмтэй, нойронд сэргэг, авхаалжтай байхад болно. Ерөөсөө эрийн гурван наадамд түрүүлсэн хэн ч бай “Би” хэмээн хэлэх эрх энэ үед байв. Одоогийн энэ саармагжсан үед “Би” хэмээн цээжээ дэлдэх хэцүү байх.
Харин нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн цагаас хойш нэгэн туган дор нэгдэл нэрээр цуглуулах гэж чамгүй л зовлон туулсан ч амжилт олсон. Ямартай ч баг бригадын системд зохицуулагдаж, нэгэн барилга байшинд олноороо амьдарч гээд түүхэнд нэгэн эргэлт гарсан. Спортын төрөл зүйл ч олон болж, манай тамирчид тив дэлхийд амжилт гаргасаар нэгэн жарны босго давахад гагцхүү багийн спортоор амжилт гаргаж байсангүй. Харин сүүлийн жилүүдэд Ази, тивийн хэмжээнд багийн спорт чамгүй амжилт үзүүлэх магадлал байгаа нь нүүдэлчдийн олон зуун жил тээж ирсэн ганцаарчилсан тоглолт илааршиж байна хэмээн дүгнэхэд хүргэж байгаа ч улс төрд хандлага тэс өөр байгаа нь энэ улс орны хувь заяанд сөргөөр нөлөөлөх хамгийн том аюул юм.
УЛС ТӨР БОЛ БАГИЙН “СПОРТ”
Улс төр бол ганцаарчилсан тоглолт хийдэг талбар огт биш, тэр тусмаа сайн баг маш чухал. Яагаад гэвэл энэ бүхний ар талд гүрэн улсын хувь заяа, ард түмний амьдрал байдаг учраас ганцаарчилсан тоглолт хаашаа ч явах аргагүй. Тиймдээ л бид олон намын системтэй, ард түмнээс сонгогддог парламент гэдэг зүйлийг байгуулсан. Тэр нь төрийн эрх барих хамгийн дээд байгууллага байна хэмээн Үндсэн хуульд заасан. Үүнээс харвал парламентад сонгогддог 76 гишүүнийг ойролцоогоор нэг сая гаруй хүний саналаар сонгож байгаа гэхээр Монгол Улс нэгэн баг болж ажиллах ёстой, энэ ажлыг УИХ-ын гишүүд буюу Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага зангидах ёстой гэсэн товчхон бөгөөд тодорхой агуулгатай юм. Гэтэл улс төрийн нам, улстөрчдийн нөхцөл байдлаас харахад өнөөх л ганцаарчилсан тоглолт байсаар харагдана.
Томсгосон /2012 он/ тойрог дээр МАН-аас нэр дэвшиж байгаа хоёр нөхөр хашааны гадна дотно хоёр биенээ муулж байхыг чихээрээ сонсож, хоёр өөр машинд нэгнээ гоочилж байхыг нүдээрээ харж явлаа. Ийм байхад яаж нам нь ялах юм бэ.
Энэ хандлагаас болж, МАН 2012 онд хоёр дахь удаагаа тугаа бөхийлгөж байв. Үнэхээр улс орон, ард түмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр сонгуульд өрсөлдөж байгаа бол нэгнээ бүү хэл өрсөлдөгч намаа ч муулах шаардлага байхгүй. Гагцхүү өөрсдийнхөө дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, шинэ соргог санаагаа танилцуулах л эрх тэдэнд бий.
Өнөөдөр АН-ынхан “Манай намыг олон фракцтай гэдэг. Энэ нь дотоод ардчилал байна гэсэн үг.
Тиймээс бид болох болохгүй асуудлаа хэлэлцэж шүүмжлэл өрнүүлдэг нь дотроо хагарсан, олон фракцтай юм шиг харагдуулдаг” хэмээн мэдэгддэг, бас мэлздэг. Үнэн хэрэгтээ багаар ажиллаж чадахгүй байгаагаа л харуулсан хэрэг. Одоогийн байдлаар АН-аас Л.Болд, Ж.Батзандан нар өрх тусгаарлаж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хувийн тоглолт хийж байна. Энэ мэтээр АН-д хувийн тоглолт хийж байгаа олон хүн бий. Энэ бүхний цаана нүүдэлчдийн цусанд буй өөрөө “Хаан” болох хүсэл л явж байгаа. Түүнээс бус улс орны төлөө эвлэж нэгдээд нийгмийн сайн сайхныг бүтээе гэсэн санаа нэг ч алга байгааг үүнээс харж болно. Н.Алтанхуяг “Намаа цэвэрлэнэ” гээд АН-аас явж байгаа нь “Хаан” болох хүсэлдээ шатаж байгаа хэрэг. Уг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан хүний хувиар энэ улс орны нурууг түвшин авч явахын тулд хэн нэгэнтэй эвлэлдэн нэгдэж байж сая амжилт олно уу гэхээс хүсэл шуналдаа шатаад явахаар яах вэ. Улсын баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн асуудлаар шүүхэд очиж байгаа нь ч өнөөх “Хаан” байх гэсэн хүсэл шунал хаа хаанаа дүрэлзэж байна гэсэн үг.
МАН, АН акулууд бүү хэл МАХН дундаа зодолдож, О.Баасанхүү дөрвөн жилийн турш ганцаарчилсан тоглолт хийлээ.
МАХН-ыг хоёр хуваан хуралдаж өөрийгөө даргаар тодруулж байгаа нь жинхэнэ нүүдэлчдийн үр сад гэж хэлж болно. Угтаа бол “Хаан” явсан Н.Энхбаяр захын нэг нөхөрт суудлаа алдахгүй нь ойлгомжтой. Түүний хувьд МАХН-ын даргын суудал алдах эрх бүү хэл үүгээр дамжин Монголын “Хаан” болох шуналдаа сүүлийн 10 жил шаналж яваа хүн шүү дээ. Тэр үнэндээ багийн тоглолт гэдгийг ойлгоогүй, өөрийгөө тойрон хүрээлэгч долдой нараас бүрдүүлсэн учраас өөрөө өөрийгөө вакуумжуулсан. Үүндээ л суудлаа алдаж, сүүлийн 10 жил өнгөрсөн дурсамжаа бодитоор сэргээхийг эрмэлзэж ирсэн хүн. Багийн дүрэм ойлгодог, өөрийгөө хэмжээлшгүй эрхт хаан гэдэгт эгнэгт итгээгүй бол арай ч О.Баасанхүүд буландуулахгүй байв.
УЛС ТӨРД БҮР САЙН БАГ ХЭРЭГТЭЙ
Өнөөдөр аливаа ажилд ороход багаар ажиллах чадвар хэр вэ гэж асуух болсон нь дэмий ч нэг шалтгаан биш. Багийн менежмент өндөр хөгжсөн оронд бол ингэж асуухгүй. Тэгвэл сайн баг, мэргэжлийн хүмүүс ямар ч удирдагчийг вакуумжуулдаггүй бөгөөд хайрцагнаас гарч сэтгэхэд маш их тусалдаг аж. Үзэл бодолд бус зөвхөн өөртөө л үнэнч хүмүүсээр өөрийгөө тойруулаад, шүүмж сонсож чадахгүй, бусдын давуу талыг хүлээн зөвшөөрч чадахгүй болж эхлэснээс хойш та улс төрд ямар ч хэрэггүй нэгэн болно. Энэ бол миний дээр дурдсан Н.Энхбаярын дүр сонгодгоороо байж байна.
Иймээс өөрөөсөө ялгаатай, чадвартай хүмүүсийг хүлээн зөвшөөрч солонгорсон сайн багийг нэгэн зорилгын дор зангидах ёстой аж. Ялгаатай үзэл бодол, үнэ цэнэтэй хүмүүсийг нэг дор цуглуулах нь тийм ч амар ажил биш байх. Жишээ нь, АН-ын дарга С.Эрдэнэд өөрөөс нь илүү бодлого ярьж, бусдад таалагдах хүн хэрэггүй учраас олигтой баг бүрдүүлж чадсангүй. Илүүрхсэн нэгнээ хөөж туусан учраас арай дөмгүүр нэг нь явчихаж байна.
Үүнээс гадна зөв зүйлийг зөв аргаар хийх ёстой болохоос бус зөв ажлыг буруу аргаар хийх нь зорилгогүй манлайлалтай яг ижил байдаг тухай эрдэмтэн мэргэд дурдсан нь бий. Жишээ нь Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” хэмээн уул уурхайн баялгаас олсон мөнгийг хуваарилах ажил явуулахдаа “Оюутолгой”-гоос, БНХАУ-ын “Чалко”-гоос мөнгө зээлж байгаа нь зөв зүйлийг буруу аргаар хийсэн хэрэг. Уг нь бол хоёр ордоос олсон орлогынхоо тодорхой хувийг иргэдэд хуулийн дагуу эзэмшүүлэх ёстой байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.