Европын зарим оронд цар тахлын дэгдэлт нэмэгдсэний улмаас хөл хориог сэргээж байна
Герман, Португал зэрэг Европын хэд хэдэн оронд "Ковид-19" цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулж, хязгаарлалт, хөл хориог сэргээж байна. Германы хойд Рин мужийн мах боловсруулах үйлдвэрийн 1500 гаруй ажилтан коронавирусний халдвар авсны улмаас тус үйлдвэрийн 7000 гаруй хүнийг хөл хорионд оруулжээ.
Тус үйлдвэр байрладаг дүүрэгт энэ сарын 30-ныг хүртэл хөл хорио тогтоож, кино театр, музей, усан зэрэг олон нийтийн байгууллагуудыг хаасан байна. Герман улс 4-р ард хөл хориог сулруулж эхэлснээс хойш анх удаа дүүргийн түвшинд хөл хориог чангатгаж байгаа нь энэ юм байна. Сүүлийн өдрүүдэд Берлин болон бусад хотуудад ч коронавирусний халдварт тохиолдол нэмэгджээ. Германд коронавирусний халдварт 192 гаруй мянга, нас барсан 8900 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Мөн Португал улсад халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Лиссабон хотын ресторануудыг үдшийн 20 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхийг хоригложээ. Испанийн зүүн хойд мужуудад мөн л цагаач ажилчдын дунд халдвар тархаж, улмаар дэлгүүр, ресторанууд үйлчлүүлэгчдийнхээ тоог хязгаарлаж байна. Мөн Болгарт даваа гарагаас олон нийтийн газруудад амны хаалт зүүх журмыг дахин мөрдүүлж эхэлжээ. Болгар нь энэ сарын 14-нөөс амны хаалт зүүх журмыг сулруулаад байсан юм байна. Цар тахлын дэгдэлт Балканы хойгийн орнуудад дахин эрчимжих төлөв ажиглагджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.