Танзанийн “нинжа” саятан болжээ

Танзанийн “нинжа” саятан болжээ

Танзанийн хувиараа эрдэнэс олборлогч Санинью Лейзер гэгч нийт 15 кг жинтэй хоёр ширхэг танзанит ховор үнэт чулуу олборлож, улсынхаа уул уурхайн яамнаас 3.4 сая ам.доллар авчээ.

Танзанит нь зөвхөн Танзанийн хойд нутаг дахь Мерелани ордод олборлодог үнэт чулуу. Дэлхий дээрх хамгийн ховор үнэт чулууны нэг болох танзанит 20 жилийн дараа гэхэд нөөц нь дуусаж болзошгүй гэж орон нутгийн геологич онцолжээ. Танзанит чулуу ногоон, улаан, хүрэн улаан өнгөтэй байдаг бөгөөд хөх танзанит харьцангуй элбэг олддог байна.

Лейзер /52 настай/ өнгөрсөн долоо хоногт тус бүр 9.2 кг, 5.8 кг жинтэй хоёр ширхэг чулуу олсон бөгөөд энэ сарын 24-нд Маньяра мужид болсон арилжааны үеэр улс нь түүний олзыг худалдан авчээ. Үүнээс өмнө Танзанид олдож байсан хамгийн том танзанит чулуу 3.3 кг жин татаж байжээ.

Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули азтай эрд утсаар баяр хүргэсэн байна. Санинью Лейзер ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа энэ үйл явдлыг тохиолдуулан үхэр гаргаж, баяр хийнэ гэж ярьжээ. Тэрбээр энэ мөнгөнийхөө талыг төрсөн нутаг Симанжирод сургууль, худалдааны төв барихад зориулж хандивлахаар төлөвлөж байна. Тэрбээр хоёр мянган толгой үхэртэй гэнэ. Дөрвөн эхнэр, 30 гаруй хүүхэдтэй. Тэрбээр бусад “нинжа” нарыг бодвол эрдэнэс олборлох тусгай зөвшөөрөлтэй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.