О.Хангай: Хэрвээ Э.Оюунболд барилдвал би зодоглохгүй

О.Хангай: Хэрвээ Э.Оюунболд барилдвал би зодоглохгүй

Манай сурвалжлах баг Спортын төв ордонд болж байгаа бөхчүүдийн сагсны тэмцээнээс сурвалжлан ажиллаж байна. Бөхчүүдийн допингийн асуудлаар Начин Б.Орхонбаяр: Допинг хэрэглэх нь буруу гэж боддог гэсэн байр суурийг илэрхийлсэн бол

Улсын Харцага О.Хангайгийн тухайд дараах тодруулгыг өгсөн юм. 

-Допингийн асуудлаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж эсрэг байр суурьтай байна. Наадмын бус үеэр допингийн шинжилгээ авахад 30 хүнээс шинжилгээ авахад арваад хүнээс допинг илэрсэн байгаа. Гурван хүний нэг нь допингтой байна гэсэн үг.

-Допинг хэрэглэсэн гэдгийг нь Баяр наадмын комисс мэдэгдсэн атал шийдэгдэхгүй өдий хүрлээ. Хэрэглэсэн хүн нь хариуцлага хүлээлгүй яваад байгаа та юу гэж харж байна вэ?

-Хүмүүс ялгаатай шийтгэл ногдуулаад байна. Заримынх нь цолыг хураадаг, заримынх нь барилдах эрхийг нь хасдаг. Гэтэл бүгдэд нэг л шийтгэл ногдуулж байж асуудал шийдэгдэх байх. Ер нь хуулийг чангатах хэрэгтэй гэж боддог.

-Цагаан сараар Э.Оюунболд аварга барилдвал та бүхэн барилдах уу?

- Э.Оюунболд барилдвал би бол барилдахгүй.

-Яагаад?

-Эсэргүүцлээ илэрхийлж байна. Надтай Улсын наадамд тавын даваанд баридсан Д.Цэрэнтогтохоос допинг илэрсэн шүү дээ. Би үндэсний дархлаа болсон өв соёлоо цаашдаа цэвэр ариун байгаасай гэж хүсэж байна. Төрийн наадмын түрүү бөхөөс илрэхээр ард түмэн бөхөө үзэхээ больж байна. Тэгэхээр энэ муухай идээ бээрийг нь шахаж гаргах цаг болсон гэж бодож байна.

-Бөхчүүд өөрсдөө допинг хэрэглэдэг, Ерөнхийлөгчийн ширээн дээр сэргээш хэрэглэдэг 40-50 бөхчүүдийн нэр байна. Э.Оюунболдыг барилдуулбал допинг хэрэглэсэн эдгээр хүмүүсийн нэрийг гаргахгүй дараад өнгөрье. Харин барилдуулахгүй гэвэл эдгээр хүмүүсийн нэрийг зарлая гэсэн шантааж хөшигний ард яригдаж байна гэсэн мэдээлэл байна. Бөхчүүд та нар яагаад зоригтой дуугарч болдоггүй юм бэ?

-Бид нар бол Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэдэг л мэдээлэлтэй байгаа шүү дээ. Түүнээс биш өмнө нь ямар ямар хүнээс илрээд нуун дарагдуулсан талаарх мэдээлэл байхгүй байна. Хэрэв үнэхээр тийм асуудал байгаа бол үнэн хүчээрээ бэлтгэл хийгээд явж байгаа бид нарт барилдах сонирхол алга. Бид гар хөлгүй хүмүүс биш өөр ажил хийгээд явж чадна. Тийм учраас би допингийн эсрэг хатуу байр суурьтай байна. Бидний дараагийн үе гэж байна. Тэдэндээ монгол бөхийн дэвжээгээ цэвэр ариун үлдээх юм сан гэж л хүсэж байна.

-Допинг хэрэглэсэн бөхтэй барилдахад мэдэгддэг үү?

-Тэрийг бид яаж мэдэх вэ дээ. Хүн бүр байгалиас заяасан бяртай, өгөгдөлтэй.

-Шээс солих боломж байдаг уу?

-Би нэрийг нь хэлэхгүйгээр нэг зүйл хэлье. Би 2017 онд Улсын наадамд шөвгөрөөд допингийн шинжилгээ өгсөн. Тэгэхэд нэг хүн шээсээ сольж байгаад баригдсан. Миний хажууд тэр хүнийг Допингийн холбооныхон загнаж байсан. Тэгэхэд нь би энэ жилийн Наадмаар нэг хүнээс допинг илрэх нь дээ гэж бодож байтал чимээгүй өнгөрсөн. Тэгэхээр би дотроо хардаж л байгаа. Допингийн холбоог ч тэр. Мөн би наадмын бус үед хоёр шинжилгээ өгсөн. Тэгэхээр тэр 37 хүн үнэхээр дарагдсан байдаг бол бид нарын хувьд харамсалтай л байна. 109 хүнээс 37 гэж байгаа. Цаана нь 72 хүн байгаа. Энэ 72 хүн Улсын наадамд хэд шөвгөрсөн байна тэднээс энд ахиад шинжилгээг нь аваад, тэгээд тэр Солонгост байгаа тэр шинжилгээний шээстэй яг адил байна уу гэдгийг давхар шалгах ёстой. Ингэж байж л яг үнэн зөв хариу гарч ирнэ гэж бодож байна. Тэгэхээр шээс солигдсон үгүй гэдэг асуудал шийдэгдэх байх.

-Допингоос яаж цэвэрлэх ёстой гэж боддог вэ?

-Хуулийг чангатгах хэрэгтэй гэж боддог. Хоёр жилээр хасаад байгааг таван жил болгодог ч юм уу. Шинжилгээ аваад байгаа газрыг нь хууль хяналтын газар хамт очиж шалгаж байдаг болгодог юм уу.  Тэгэж байж л цэвэрших байх.

-Та бүхэн допингтой тэмцэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Бөхчүүд бүгд нэгдье гэж яригдаж байгаа. Эхний ээлжид гарын үсэг цуглуулъя, Эх эеийг хийе гэж байна. Цуглуулсан гарын үсгээ Авлигатай тэмцэх газар болон бусад газар өгье гэсэн яриа явж байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.