Сингапурын аялал жуулчлалын гол газрууд ирэх сарын 1-нд нээгдэнэ
Сингапурын эрх баригчид коронавирусний улмаас гурван сар орчмын өмнө хаасан хамгийн алдартай музей, зугаа цэнгэлийн паркууд, амьтны хүрээлэнгүүдийг түүнчлэн казинонуудыг долдугаар сарын 1-нээс нээх шийдвэр гаргасан тухай тус улсын Аялал жуулчлалын хэрэг эрхлэх зөвлөл мэдэгджээ.
"Долдугаар сарын 1-нээс эхлэн 13 объектын үйл ажиллагааг сэргээнэ. Үүнд “Gardens by the Bay” байгалийн парк, шувуудын парк, амьтны хүрээлэн, “River Safari” амьтны хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн музей, “Universal Studios” сэдэвчилсэн парк орно" гэж мэдэгдэлд дурджээ. Үүнээс гадна, хоёр казиногийн үйл ажиллагааг хэсэгчлэн үргэлжлүүлэх аж.
Сингапурт дөрөвдүгээр сарын 7-нд тогтоосон нийгэм-эдийн засгийн хязгаарлалтуудыг цуцлах эхний үе шатыг зургадугаар сарын 19-нөөс эхлүүлсэн байна. Тухайн үед парк, наран шарлагын газрууд, ихэнх дэлгүүр, кафе, зоогийн газрууд үйлчлүүлэгчдээ дахин хүлээн авч эхэлжээ. Үүний зэрэгцээ сургууль, цэцэрлэг, олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүх, хоорондоо зай барих журам үйлчилсэн хэвээр байгаа юм. Амны хаалт зүүх журмыг зөрчсөн тохиолдолд 300 сингапур долларын /211 ам.доллар/ торгууль ногдуулах бөгөөд давтан зөрчвөл 1000 сингупар доллароор /705 ам.доллар/ торгоно. Харин зай барих журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд зургаан сар хүртэл хорих ялаар шийтгэж, 10 мянган сингапур доллароор /7000 ам.доллар/ торгоно. Хязгаарлалтын журмыг зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.