Европын Холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг сунгажээ
Европын Холбоо /ЕХ/ Украины нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ 2021 оны нэгдүгээр сарын 31 хүртэл зургаан сараар сунгалаа. Энэ тухай ЕХ-ын Зөвлөлийн даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ-д авсан эдийн засгийг хоригийг сунгах улс төрийн шийдэлд ЕХ-ны удирдагчид өмнө нь зургадугаар сарын 17, 18-ны өдрүүдэд видео хэлбэрээр зохион байгуулсан бага хурлын үеэр хүрсэн байна. Уг бага хурлын үеэр товч хэлэлцүүлэг хийж, Минскийн гэрээ хэрэгжээгүй хэвээр байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
ЕХ 2014 онд Украинд болсон үйл явдал болон Крымыг ОХУ-д нэгтгэсэнтэй холбогдуулан газрын тос, батлан хамгаалах, санхүүгийн салбар дахь Оросын төрийн өмчит 15 компанид эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.
Хоригийг нэг бус удаа өргөжүүлж, сунгасан бөгөөд ОХУ хариу хориг арга хэмжээ авч, ЕХ-ны орнуудаас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. 2015 оны гуравдугаар сард ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг хэлэлцэхдээ “Минскийн гэрээ бүрэн дүүрэн хэрэгжиж байгаа эсэхийг харгалзаж байхаар” шийджээ. Үүнээс хойш “Нормандын дөрвөл”-ийн гишүүний хувиар Герман, Францын удирдагчид жилд хоёр удаа ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар тайлагнадаг болсон байна. Гэвч уг гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ Украины тал биелүүлж байгаа эсэхийг авч хэлэлцдэггүй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.