ЭЕШ-ын байранд тусгаарлах өрөө бэлджээ

ЭЕШ-ын байранд тусгаарлах өрөө бэлджээ

ЭЕШ-ын зохион байгуулалтын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаараа МХЕГ-аас өнөөдөр танилцууллаа. 
Нийслэлийн хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байранд нийт 11 мянга 101 шалгуулагчийг хамруулахаар зохион байгуулах юм. Шалгалтыг зохион байгуулах 4 байранд зураглал хийж байршуулаагүй, 5 байранд санамж, зөвлөмжийг зохих газруудад байрлуулаагүй, 2 байранд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, 13 байрны анги танхимд гар халдваргүйжүүлэх уусмал байрлуулаагүй, 2 байранд ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хангаагүй, нийт 805 анги танхимд шалгалтыг авахаас 457 буюу 56.7 хувийг камержуулаагүй байна. Урьдчилан сэргийлэх шалгалтад 34 байр буюу 79.1 хувийг хамруулахад 55 хаалгаар орж, 49-өөр гарахаар бэлтгэжээ.

Орхон, Төв аймгийн “Хүмүн” цогцолбор сургууль, Налайх дүүрэг бэлтгэл ажлаа сайн хангасан бол ХУД-ийн Буянт-Ухаа цогцолборын  шалгалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй байна. Тухайлбал, тус шалгалт авах байрны гэрэлтүүлэг, агааржуулалт, ариун цэврийн өрөө хүрэлцээгүй байдал нь шалгалт авах шаардлагад нийцэхгүй байгаа аж.

Энэ жилийн ЭЕШ-д 30 902 хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд  нэг хүүхэд дунджаар гурван шалгалт өгнө гэж тооцвол, 100 мянгаад хүүхдийн хөдөлгөөн үүснэ гэдгийг албаныхан хэлж байна.

МХЕГ-ын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн хэлэхдээ, “ЭЕШ зохион явуулах түр журамд зааснаар, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх заалтын дагуу шаардлага тавихад, сургуулиуд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна гэсэн асуудал гарсан. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцаж байгаа ч шалгалтын байрны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг тухайн сургуулийн захирал хариуцна. Камержуулалтын бэлтгэл ажлыг хангаагүй байдал нь 57.3 хувьтай байна. Шалгалтын байрны 73 хувьд ариутгал халдваргүйжүүлэлт хийж чадахгүй байна. Тиймээс өөрсдийн нөөц боломжинд тааруулж ариутгалын цэвэрлэгээний уусмалыг ашиглан халдваргүйтгэхийг зөвлөсөн” гэв. 

Энэ жилийн хувьд шалгалт авах байруудад тусгаарлах өрөөг тусгайлан бэлдсэнээрээ онцлогтой. Шалгуулахаар орж ирсэн хүүхдийн биеийн дулааныг хэмжиж,  сэжигтэй буюу халуунтай хүүхдийг тусгаарлах өрөөнд оруулж шалгалтыг үргэлжлүүлж авахаар түр журамд тусгажээ.  

Мөн Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарсан тул хорио цээрийн дэглэмд оруулсан байна.  Ховд аймгийн шуурхай комисс хуралдаж шалгалт өгөх  сумын 900 гаруй хүүхдийг аймаг руу нэвтрүүлж шалгалтад оруулаад шалгалт дууссаны дараа өвчлөлийн нууц үе буюу 6 хоногийн хугацаанд аймгийн төвд байлгахаар зохион байгуулах аж.

Эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/230135

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.