Манчестер Сити аваргуудыг буулган авлаа
Английн Премьер лигийн 32 тойрогт Манчестер Сити клуб энэ жилийн аварга Ливерпуль клубтэй учраа таарч 4-0 онооны харьцаагаар бут ниргэлээ.
Тоглолтын эхний хэсэгт Ливерпуль клуб хэд, хэдэн удаа аюултай цохилт гүйцэтгэж, бүр хөндлөвч онож амжсан. Гэвч 25 дахь минутад торгуулийн талбайд Ливерпулийн Жое Гомез алдаа гарган Стерлингийг унагааснаар Манчестер Сити клуб торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Улмаар Кевин де Бройн торгуулийн цохилтыг амжилттай болгосноор тэргүүлж эхэлсэн юм.
Эхний гоолоос ердөө 10-аадхан минутын дараа 35 дахь минутад Рахим Стерлинг гоёмсог гоол оруулснаар хоёр гоолын зөрүүтэй болгосон юм. Төд удалгүй тоглолтын эхний үеийн төгсгөлд 45 дахь минутад Фил Фоден гоол оруулж 3-0 онооны харьцаатай болжээ.
Хэдийгээр Ливерпуль клуб гоол оруулах хэд, хэдэн боломж үүсгэсэн ч гоол оруулж чадалгүй байсаар хоёрдугаар үетэй золгосон юм. Хоёрдугаар үед ч тэд хэд, хэдэн боломжоо алдсан.
Улмаар тоглолтын 66 дахь минутад Ливерпулийн Алекс Окслейд Чембэрлен өөрийнхөө хаалганд гоол оруулж тооны зөрүүг дөрөв болгожээ.
Тоглолтод өөр гоол оролгүй байсаар 4-0 онооны харьцаагаар Манчестер Сити ялалт байгуулж 66 оноотой болж хоёрдугаар байраа улам баталгаажууллаа. Тэд гуравдугаар байрт яваа Лестэр Сити клубээс 11 онооны илүү бичигдэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.