Бразилд халдвар авсан хүний тоо 1.6 сая давжээ

Бразилд халдвар авсан хүний тоо 1.6 сая давжээ

Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо 1.6 сая давжээ. Ням гаргийн орой шинэчилсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, өнгөрсөн хоногт тус улсад 26051 шинэ тохиолдол илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 602 хүн нас баржээ. Халдвар тархсанаас хойш нийт 64867 хүн нас барсан бол 906 мянга гаруй хүн эдгэрсэн байна. Бразилд халдварын тархалтын голомт нь Сан-Паулу, Рио-де-Жанейро, Эспириту-Санту, Минас-Жерайс мужууд оршдог зүүн өмнөд бүс нутаг болоод байгаа юм. Энэ бүс нутагт 553 мянга гаруй хүн халдвар авч, 29750 хүн нас барсан байна. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт зүүн хойд бүс нутаг орж байгаа бөгөөд энэхүү бүс нутгийн есөн мужид халдварын 547 мянга орчим тохиолдол илэрч, 20957 хүн нас баржээ.  

Түүнчлэн Бразилын хойд нутагт халдвар авсан болон нас барсан тохиолдлын үзүүлэлт өндөр хэвээр байна. Энэ бүс нутагт коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо 10001 болсон бол халдварын тархалт сүүлд эхэлсэн төв болон баруун мужуудад халдвар авсан хүмүүсийн тоо 117300-д хүрч, 2444 хүн нас баржээ. Харин халдварын хамгийн цөөн буюу 96400 орчим тохиолдол өмнөд нутагт бүртгэгдсэн байна.

Бразилд коронавирусний халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгджээ. Тус улс халдвар авсан болон нас барсан тохиолдлын үзүүлэлтээр АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.