Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.06/ болж, 6 жилийн хорих ял оноож, 6 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэр гаргалаа. 
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хязгаарлалаа. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, ял оноолоо.Өнгөрөгч баасан гарагт болсон шүүх хуралдаанаар С.Мандахбатыг гэм буруугүй гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагаас товлон зарлаад байсан юм.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй төдийгүй шүүгчээс татгалзсан хүсэлтийг нь ч хүлээж авахаас татгалзаад байсан юм. 

Сануулахад, шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3 (Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.