Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна

Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, “Монкон” группийн “Мандала гарден” төсөл, “М-Си-Эс кока кола” компани хамтран “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аяныг энэ сард зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Аяны хүрээнд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд өгч, байгалиа хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын ажил биш болохыг иргэн бүрт ойлгуулахыг зорьж байгаа юм.

Байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд хүн бүр орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжоо ашиглахыг уриалж байгаа юм. Ингэснээр олон нийтийн хандлага өөрчлөгдөж, зөв дадал, соёл төлөвшиж, эерэг өөрчлөлтүүд бий болгох зорилготой. Аяны хүрээнд “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 4-нд иргэд олон нийтэд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ. Өдөрлөгт NCD групп, Effes сүлжээ супермаркет, Төвшинсайхан төв, Пластик центер, Эко гар урлал, Ойм урлан, Gamma агентлаг, Хашаандаа сайхан амьдаръя цахим групп хамтран оролцож иргэдэд хог хаягдлыг дахин ашиглах, эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах үйл ажиллагааг таниулж, мэдээлэл өгөв. Энэ үеэр ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны УСХАХ-ийн мэргэжилтэн Б.Анурагаас цөөн асуултад хариулт авсан юм.

Б.АНУРА: НЭГ ХҮН ӨДӨРТ ДУНДЖААР 270-900 ГРАММ ХОГ ХАЯДАГ ГЭСЭН СУДАЛГАА БИЙ

-Экологийн Цагдаагийн алба байгуулагдсанаас хойш олон нийт рүү чиглэсэн шат дараалалтай үйл ажиллагааг явуулж байгаа нь нийгэмд мэдрэгдэж, хүрээлэн байгаа орчны эсрэг аливаа зөрчил гэмт хэргийн тухайд анхаарал тавьдаг болжээ. Одоогоор ямар нөлөөллийн ажлыг явуулж байгаа вэ?

-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэж байна.

Тодруулбал, энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор өнөөдрийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хог хаягдлын асуудлаа байгууллага болон өрхийн хэмжээнд шийдвэрлэж чадсан олон мэдээллийг ирүүлж байгаа нь бодит оролцоо үр дүн өндөр байгааг илтгэж байгаа болов уу? Өнөөдрийн хувьд гэхэд л дахивараар бүтээл хийж Увс аймгаас болон Говь- Алтай аймгаас зорьж ирж өдөрлөгт иргэд оролцоогоо нэмэгдүүллээ.

-Монгол Улс хог хаягдлын асуудал ямар байдалтай байгаа вэ?

-Сүүлийн дөрвөн жилд хог хаягдлын хэмжээ огцом өссөн. Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн БОАЖЯ-ны албан ёсны тоо бий. Нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг гэсэн судалгаа ч гарсан. Энэ их ахуйн хог хаягдлын 40 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар сав, хөнгөн цагаан лааз, шил гэх мэт бүтээгдэхүүн эзэлдэг.

Хэрэв анзаарвал дугуй худалдаалах цэг дээр 2-3 сарын дотор хаягдал дугуй уул, овоорчихдог. Нэг үеэ бодвол дахин боловсруулах үйлдвэр хуучин дугуйг задлан шинэ бүтээгдэхүүн хийж байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадал нь гарч байгаа хогоо дийлэхгүй байна. Манай улсын хувьд хог хаягдлын бүтэц нь улирлаас шалтгаалан өөр өөр. Тухайлбал, өвлийн улиралд бараг 60 хувь нь үнс байдаг бол хавар намрын улиралд МАА-н гаралтай хог хаягдал ихэсдэг. Намар оройхон сум болгонд бойн цэгүүдийн био хаягдал, хавар үхсэн малын сэг зэм энд тэндгүй ихэсдэг. Тэр болгонд тохирсон тусгай хог хаягдлын менежмент дутагдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо 2020-07-06

Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ 2020-07-06

ЭМЯ: Халдвартай эмчлүүлж байгаа 32 хүн байна 2020-07-06

Баяр наадмын өдрүүдэд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана 2020-07-06

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2020-07-06

Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна 2020-07-06

Долоо хоног дараалж халдварын тохиолдол нэмэгдсэнгүй 2020-07-06

33 жилийн дараа хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа 2020-07-06

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн талаар тус намын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв.  2020-07-06

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. 2020-07-06

Жендэрийн үндэсний хороо 2020 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэв 2020-07-06