Их Британи “Brexit”-ээс хойш анхныхаа хориг арга хэмжээг авлаа
Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаас хойш анх удаа бие даан хориг арга хэмжээ авч байна. Анхны хоригийн жагсаалтад орсон хэдэн арван хүний дунд хүний эрхийг зөрчсөн гэж сэжиглэгдэж буй Оросын иргэд байгаа юм. ОХУ-аас гадна, Саудын Араб, Мьянмарын иргэдэд мөн Умард Солонгост хориг арга хэмжээ авчээ.
Хоригийн жагсаалтад багтсан хүмүүсийн нэрсийг Их Британийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна. Жагсаалтад багтсан хүмүүсийг Их Британид зорчихыг хориглох төдийгүй тус улсын нутаг дэвсгэр дэх бүх хөрөнгийг царцаана.
“Өнөөдрөөс эхлэн Их Британи хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт холбогдсон хувь хүмүүсийг Их Британид зорчихыг, манай банкууд руу мөнгө шилжүүлж, манай эдийн засгаас ашиг олохыг хориглохын тулд шинэ эрх мэдэлтэй болж байна” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар Магнитский эсвэл Хашоггийг хөнөөсөн гэх зэрэг үйл явдалтай холбогдуулан “ихээхэн түгшиж буйгаа л” мэдэгддэг байсан гэж “Магнитскийн хуулийн” гол лоббидигчдын нэг Бил Браудер хэлсэн байна. Тэрбээр хориг арга хэмжээ авсныг ялалт хэмээн нэрлэв.
Хориг арга хэмжээнд мөн Мьянмарын үндэстний цөөнх рохинжачуудыг хяхан хавчсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүс өртөнө гэж Рааб мэдэгдсэн байна.
"Их Британи дэлхийн сайн сайхан байдлын илүү хүчирхэг хүчин болох ёстой. Бид хүний эрхийг маш аймшигтай зөрчиж буй хүмүүст хариуцлага тооцно. Гараа цусанд дүрсэн хүмүүс манай улсад чөлөөтэй нэвтэрч, Кингз-Роудод үл хөдлөх хөрөнгө худалдан авч, Найтсбрижэд зул сарын худалдан авалт хийж чадахгүй болно. Тэд бохир мөнгөө Их Британийн банкуудаар дамжуулан шилжүүлэх боломжгүй болно" гэж Рааб парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.
Их Британийн эрх баригчид Магнитскийн жагсаалтыг хэдийнэ баталсан АНУ, Канад улстай хориг арга хэмжээний асуудлаар холбоо харилцаатай байна гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.
Хориг арга хэмжээний жагсаалтад Оросын 25 иргэнийг оруулсан бөгөөд тэдний дунд Ерөнхий прокурорын орлогч Виктор Грин, Дотоод хэргийн дэд сайд асан Алексей Аничин, Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин нар байгаа юм. Их Британийн эрх баригчид тэднийг Сергей Магнитскийн үхэлд холбоотой гэж үзэж байгаа юм.
Жагсаалтад мөн сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт оролцсон гэж үзэж байгаа Саудын Арабын 20 иргэн багтжээ. Түүнчлэн Мьянмарын Зэвсэгт хүчний өндөр албан тушаалын хоёр генералыг оруулсан байна. Тэднийг рохинжа үндэстний эсрэг системтэй, харгис хэрцгий хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаа аж.
Умард Солонгосын хувьд тус улсын лагериудад албадан хөдөлмөр эрхлүүлсэн, эрүүдэн шүүсэн, хөнөөсөн хэрэгт холбоотой хоёр байгууллагад хориг арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.