ХАБГБ-д нэгдэх урилгад Монгол Улс нааштай хандаж байна
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ үйл ажиллагаанд нэгдэх урилгад Монгол Улс нааштай хандаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн асуудлыг хариуцсан нэгдүгээр газрын дарга Георгий Зиновьев мэдээлжээ.
ХАБГБ-ын бүрэлдэхүүнд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикстан улс багтдаг юм.
“Монгол Улсыг ХАБГБ-д элсэн орохыг урьсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Энэ нь Оросын Холбооны Улсын ашиг сонирхлын үүднээс чухал ач холбогдолтой чиглэл болж магадгүй юм. Монгол Улс энэхүү урилгад нааштайгаар хандаж буй бөгөөд тус улсын удирдагчдын зүгээс дэмжлэг хүлээж байгаа" гэж Зиновьев Холбооны улсын Зөвлөлд мэдээлжээ.
Энэтхэг, Пакистан улсуудыг элссэний дараа Монгол Улсад мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэх сонирхол нэмэгдсэн гэж тэрбээр хэлсэн байна. Зиновьев мөн Евразийн эдийн засгийн комиссоос Монгол Улстай хэлэлцээ хийх үйл явцыг эхлүүлж байгааг онцлон тэмдэглэжээ.
ШХАБ нь БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистан улсын удирдагчдын 2001 онд байгуулсан олон улсын байгууллага юм. 2017 оны зургадугаар сарын 9-нд Казахстаны нийслэл хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчид Энэтхэг, Пакистан улсуудыг элсүүлэх тухай шийдвэрт гарын үсэг зурсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.