УОК: Одоогоор хилээ нээх шалтгаан харагдахгүй байна

УОК: Одоогоор хилээ нээх шалтгаан харагдахгүй байна

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.07.09/ хуралдаж, энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. 

Хилийн хоригийг долоодугаар сарын 15 хүртэл сунгасан. Энэ хугацаа дуусах дөхсөн учраас сунгах эсэхийг өнөөдрийн хурлаар хэлэлцээд одоогоор хилээ нээх шалтгаан харагдахгүй байна гэж үзжээ. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг шинэ Засгийн газрын хурлаар тогтоогоод хилээ нээх эсэхийг шийдэх аж. 

Мөн Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарсан тул орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байх нь зүйтэй гэж үзжээ. 

Ц.Ганзориг "Одоогоор 9884 иргэн гадаадаас ирэх хүсэлтэй байна. Гэвч тусгаарлах байрны хүчин чадал муу байна. Ойрын хугацаанд 9884 иргэнээ татаж авах ажлыг зохион байгуулна. Та бүхэн нэг зүйлийг мэдэж байгаа тусгаарлах байр 2400-2600 иргэн хүлээж авах боломжтой. Зочид буудлаа тусгаарлах байр болгохоор санаачилсан хувийн хэвшил цөөн байна. Хил дотроо халдвар алдаагүй учраас 900 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх, хүүхдийн зуслан, кино театрыг шат дараатай нээнэ. Гэхдээ үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуй нэгжид халдвар хамгаалалтын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг шалгана. Хэрэв сайн байвал үйл ажиллагаа нь хязгаарлагдсан байгаа үйлчилгээний байгуулагуудыг нээх ажлуудыг шат дараатай хийнэ" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.