Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ

Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ӨРГӨДЛӨӨ ӨГЛӨӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, олонхийн саналаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан ч тэрхүү шийдвэрээ баталгаажуулж чадаагүй билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдээд байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “УИХ-аар миний бүрэн эрхийн түдгэлзүүлэх тогтоолыг 65 хувь нь дэмжсэнгүй. Гэхдээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа” хэмээн бичжээ.


Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдааны дараа "Хоёр зүйлийг хэлэх нь зөв байх. Нэгдүгээрт, МАН-аас намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хасаж байгаа шийдвэрээ танилцуулсан. Миний бие энэхүү шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж, өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Яах аргагүй намын дүрэмд заасан зүйл, заалтыг зөрчсөн. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйж байна. Тиймээс өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Надаас гадна дайралт, доромжлол их явж байна. Сүүлдээ үндэстэн, ястнаар нь ялгаж салгах нь. Буриад болгон балмад биш ээ. Энэ асуудлыг дуусгамаар байна. Энд зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш би хариуцлага хүлээхэд бэлэн. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хэлэлцэгдэж байгаад завсарлага авлаа. Учир нь, санал хураалт нууц явсан. Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтдаггүй. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бол энэ хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Гаргасан хоёр шийдвэр нь зөрчилдсөн. Тогтоол нь уначихсан. Албажуулах шийдвэр нь уначихсан. Тэгээд сая МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага аваад ярилцахаар боллоо. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрий барьж, хуулийн байгууллагад садаа болж байгаа гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Тийм зүйл байхгүй. Сая би УИХ-д өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн.Өргөдөл, бичгээ УИХ-д өргөн барина. Уг нь, үндэслэл байхгүй. Надад ямар нэгэн шахалт ирэх үндэслэл ч байхгүй. Би намын биш сул гишүүн болсон. Намын хамгаалалт надад байхгүй гэсэн үг. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явж харлуулаад байгаа зүйлийг учрыг тайлна" гэх тайлбарыг өгсөн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.