Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас зөвшөөрөл өгмөгц Уханьд байгаа 31 оюутныг авчирна
Улсын Онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны үеэр Консулын газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Засгийн газрын шийдвэрийн дагуу Ухань хотоос Монгол Улсын иргэдийг авчрах чиг үүргийг Консулын газар хүлээсэн. Нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын хилийн хориг нээхэд монголчууд эх орондоо нэвтрэх урсгал нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар бид Ухань хотоос монгол иргэдийг авчрах бэлтгэлийг бүрэн хангасан. Хамгийн сүүлийн тоогоор 31 оюутан нутаг буцах хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Бид Хятадын талд иргэдээ авахаар албан ёсоор мэдэгдсэн, хариу хүлээж байна.
Ухань хотоос 56 улс иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл авахаар хүлээж байгаа. Зөвшөөрөл гармагц Монголоос онгоц илгээх, багийн төлөөлөл, ирсний дараах хяналт зэрэг бүх бэлтгэлийг хангасан байгаа. Уханиас гадна Хятадад байгаа иргэд эх орондоо олноороо буцах урсгал нэмэгдэж байна. Мягмар гарагт хил нээснээс хойш 1000 гаруй иргэд эх орондоо нэвтрэхэд Колнсулын газар тусалсан. Яг одоогийн байдлаар 100 гаруй монгол иргэн эх орондоо нэвтрэх хүсэлт тавьсны дагуу Эрээн хот дахь Консулын газар автобус гаргахаар ажиллаж байна.
Консулын газраас дэлхийн бусад улс оронд коронавирусийн тархалттай холбоотой мэдээллийг шуурхай авч ажиллаж байна. Гадаадад байгаа монгол иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг тасралтгүй хийж байна. БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас аялал жуулчлалын виз мэдүүлж байгаа тохиолдол байхгүй” хэмээн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.