Дэлхийн сэтгүүлчдийн Их хурлыг зохион байгуулах эрхийг МОНГОЛ УЛСАД олголоо

Дэлхийн сэтгүүлчдийн Их хурлыг зохион байгуулах эрхийг МОНГОЛ УЛСАД олголоо

Олон улсын сэтгүүлчдийн холбооны /IFJ/ Гүйцэтгэх хороо өчигдөр буюу долоодугаар сарын 9-нд Брюсселийн цагаар 14:00 цагт онлайнаар хуралдаж, “Дэлхийн сэтгүүлчдийн XXXI Их хурал”-ыг зохион байгуулах эрхийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд олголоо. Тодруулбал, Монгол Улсад олгох шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

“Дэлхийн сэтгүүлчдийн XXXI Их хурал”-ын хүрээнд 2022 оны тавдугаар сард 170 орны 400 гаруй сэтгүүлч Монгол Улсад чуулах юм.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлөөс 2019 оныг сэтгүүлзүйн салбарын гадаад харилцааны жил болгон зарлаж, бүтэн жилийн хугацаанд эрчимтэй ажилласны нэг үр дүн нь энэхүү шийдвэр болж байна.

Удирдах зөвлөлийн зүгээс Монголын сэтгүүлзүйн салбарын гадаад харилцааг шинэ шатанд гаргахын тулд 30 гаруй улстай гэрээ хэлцэл байгуулж, Бүгд Найрамдах Тунис улсад болсон “Дэлхийн сэтгүүлчдийн XXX  Их хурал”-д оролцсон.

Улмаар 2022 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо “Дэлхийн сэтгүүлчдийн XXXI Их хурал”-ыг зохион байгуулах саналаа бэлтгэн хүргүүлснийг тухайн үед Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдэгдэж байсан билээ.

 Түүнчлэн Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооноос  хийсэн  шалгаруулалтаар тус их хурлыг өөрийн оронд зохион байгуулах боломжтой гурван орны нэгээр Монгол Улс  шалгарч үлдсэнийг зургаадугаар сард мэдээлж байсан юм.

Тодотгоход, уг  хурлыг өөрийн улсдаа зохион байгуулах хүсэлтийг Монгол Улстай нийлээд 20 улс гаргасан аж. Тэгвэл өчигдрийн шийдвэрлэх хуралдаанаар Монгол Улс албан ёсоор шалгарлаа.

Олон улсын сэтгүүлчдийн холбооны зүгээс олон улс орны олон зуун сэтгүүлчдийг  нэг дор цуглуулсан Их хурлыг зохион  байгуулах орныг  сонгохдоо нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт тухайн улсын сэтгүүлчдийн холбооны идэвх санаачилга, чөлөөт хэвлэл,  хараат бус сэтгүүлзүйн талаар хичээл зүтгэл,  чармайлтыг авч үздэг. Тэгэхээр хурал зохион байгуулах хүсэлт гаргасан 20 орноос манайхыг сонгосон нь дээрх үзүүлэлтүүдээр давуу байсантай холбоотой юм.  

Тэрдундаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс өмнө нь зохион байгуулсан олон улсын хурал, арга хэмжээ маш өндөр түвшний зохион байгуулалттай болж байсан гэж ОХУ-ын тал үнэлж байгаагаа илэрхийлсэн аж. Мөн Их хурлын үйл ажиллагааг олон хэл дээр, албан орчуулгатайгаар явуулна гэдгийг Олон улсын сэтгүүлчдийн холбоо онцолж авч үзжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.