Эрдэмтэд КОВИД-19 халдварын ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ илрүүлжээ
Испанийн эрдэмтэд коронавирусний халдварын шинэ шинж тэмдгийг илрүүлжээ. “JAMA Dermatology” сэтгүүлд мэдээлснээр, судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 30 хувьд нь амны салст гэмтэх шинж тэмдэг илэрчээ. Судалгаанд 40-69 насны 21 хүн хамрагдсан бөгөөд энэ шинж тэмдэг бусад шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө ажиглагдсан байна. Одоогоор, амны салст гэмтэх шинж тэмдэг хэр их түгээмэл болох нь тодорхойгүй байна.
Коронавирусний халдвар нь өндөр халуурах, амьсгаа боогдох, найтаах, ханиах, хамар битүүрэх, булчин, цээж өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг үндсэн шинж тэмдгээр илэрч байгаа бол өндөр настнуудын дунд дэмийрэх, даралт буурах, зүрхний цохилт ихсэх зэрэг шинж тэмдэг түгээмэл байна. Коронавирусний халдварын анхны шинж тэмдгүүдийн нэг нь үнэрлэх, амтлах чадвараа алдах гэж эмч нар онцолжээ. Хулгана дээр хийсэн туршилтыг үндэслэн АНУ-ын эрдэмтэд халдвар үнэр таних уургийн тусламжтай бие организмд нэвтэрдэг болохыг тогтоожээ. Эл уураг хамрын хөндийд бий болдог бөгөөд залуу хулгануудыг бодвол хөгшин хулгануудын хамрын хөндийд ийм төрлийн уураг их хэмжээгээр ялгардаг байна. Хэрэв энэ механизм хүнийхтэй ижил бол өндөр настай хүмүүс халдварт илүү өртөмтгий болохыг илтгэж байна гэж судлаачид дүгнэжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд коронавирусээр 13.8 сая гаруй хүн халдварлаж, 600 мянга гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.